Уншиж байна ...

Т.Доржханд: Шилжилт болгон өвдөлттэй байдаг нь үнэн

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний реформын үндэсний хорооноос Төрийн ордонд өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Улсын төсөвт жил бүр хамгийн багадаа 800 тэрбум төгрөгийн эрчим хүчний ачаалал ирдэг. Энэ жилийн богино хугацааны өр төлбөр 600 тэрбум төгрөг гарсан. Гэтэл улсын төсөвт 200 тэрбум төгрөг суудаг. 

Ачааллыг бууруулж эрчим хүчний шилжилтийг эхлүүлэх нь чухал байгаа. Шилжилт болгон өвдөлттэй байдаг нь үнэн. Гэхдээ иргэдэд аль болох ачаалал өгөхгүйгээр эрчим хүчний шилжилтийг хийж байгааг Шадар сайд Т.Доржханд хэлсэн юм. 

Эрчим хүчний реформын талаар тэрбээр үргэлжлүүлэн дараах мэдээллийг өгсөн юм. 



Энэ талаар хэлэхдээ "Монгол улсын хамтарсан Засгийн газар байгуулагдсаны гол зорилго нь 34 жилийн хугацаанд шийдэж чадахгүй томоохон асуудлуудаа шийдэхэд оршино. 

Эдийн засгийн реформын хамгийн чухал суурь нь эрчим хүчний шилжилт юм. Эрчим хүч байхгүй бол эдийн засаг байхгүй.

Хатуу байр суурьтайгаар бид реформоо үргэлжлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдэд маш их эргэлзээ үүссэн. Эрчим хүчээ дотоодоос өөрсдөө хангаж чадах уу гэх асуулт. 

Баяртай мэдээ дуулгахад Монгол улсын эрчим хүчний экспортын ажил эхлээд явж байна.

Монгол улсын ерөнхий сайдын Саудын Араб, Эмират улсад хийсэн айлчлал маш амжилттай болсон. Энэ хүрээнд маш том хэмжээний ногоон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх саналыг томоохон тоглогчидтой ярилцжээ. 

Бид өөрсдийгөө эрчим хүчээр хангадаг улс биш цааш эрчим хүчийг экспортолно гэдэг зорилт бодитойгоор ажил хэрэг болоод явна. Үүнтэй холбоотойгоор худалдаж, худалдан авах чиглэлд дөрвөн долоо хоногийн өмнө БНХАУ-ын Засгийн газартай маш сайн яриа хэлэлцээр хийсэн.

Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна. Яагаад гэвэл танай зээлжих зэрэглэл өссөн, эдийн засаг, улс төрийн орчин чинь тогтвортой болсон байна. Иймд хөрөнгө оруулалт хийж болно. Гагцхүү олон улсын стандартын дагуу хамтын ажиллагаагаа явуулъя гэсэн байр суурийг илэрхийллээ" гэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөөдөр 150,000 айл өрхийг яндангүй болгож, орон сууцжуулах хөтөлбөр яригдаж буй. Мөн адил эрчим хүч, дулааны асуудал ч байна. 

Утааг арилгахын тулд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэх юм. Өөрөөр хэлбэл эрчим хүчээр дулаацуулах дулаалгатай гэр сууцыг бий болгох хөтөлбөрүүдийг хийнэ. 

Гэхдээ энэ ажил өргөс авсан юм шиг нэг өдөр шийдэгдэхгүй. Хамгийн багадаа 3-5 жилийн хугацаанд хийгдэнэ. Бид 34 жил хийгээгүй ажлыг хийхээр зорьж байгаа.

Ингэхийн тулд их хэмжээний судалгаа хэрэгтэй байна. Тухайлбал Саудын Арабын "Aqua power" компанитай 5-10 тэрбум ам.долларын ногоон ус төрөгчийн төсөл ярьж байна. Үүнийг ажил хэрэг болгохын тулд маш их судалгаа, зөвлөх үйлчилгээ хэрэгтэй.

Монголчууд олон жил эрчим хүчний хувьд хараат байсан.

Бодит нөхцөл байдлыг хэлэхэд өнөөдөр бидэнд

  • эрчим хүчний эх үүсвэр байхгүй.
  • Дулаан ч байхгүй.
  • Төсөв дээр мөнгө байхгүй.
  • Хөрөнгө оруулалт хийе гэхээр нүүрсэнд хөрөнгө оруулалт байхгүй.
  • Сэргээгдэх рүү хөрөнгө оруулалт хийе гэхээр үнэтэй гээд хаасан.

Ийм байдлаар улс хөгжихгүй байгаа нь үнэн. Бид шилжилтийг амжилттай хийнэ гэсэн итгэл үнэмшилтэй байна. Шилжилт болгон өвдөлттэй байдаг нь үнэн. Гэхдээ иргэдэд аль болох ачаалал өгөхгүйгээр эрчим хүчний шилжилтийг хийж байгаа.

Аливаа зүйлийг монголчилдог цагийг зогсоох ёстой. Олон улсын стандартаар ажлаа төлөвлөж, олон улсын томоохон хөрөнгө оруулагчидтай хамтарч байж шилжилт бодитой хийгдэнэ" гэж хэлэв.