Уншиж байна ...

Б.Мижиддорж: Монголд 52 мазаалай баавгай байгааг биологийн судалгааны арга ашиглаж тогтоосон

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Мазаалайн судалгааны баг

"Мазаалай Баавгайн судалгаа, хамгаалал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Их Сургуулийн Номын санд өнөөдөр зохион байгуулагдлаа.

Тус хурлаар Мазаалай баавгайн сүүлийн үеийн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй хамгааллын арга хэмжээ, судалгааны ажлын чиглэлийг хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн энэхүү хуралд Мазаалай баавгай судлаачид болон ТББ-ын төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцож байна.

Энэ үеэр Мазаалай баавгайн тоо толгой, цаашдаа анхаарах ёстой асуудлын талаар Биологийн ухааны доктор Б.Мижиддорж мэдээлэл өглөө.

Тэрбээр "2022 оны судалгаагаар Монголын Улсын хэмжээнд 52 Мазаалай байгааг тогтоосон. Энэхүү судалгааг генетикийн аргаар хийсэн бөгөөд Мазаалайнууд Алтайн өвөр говь, Говийн дархан цаазат газрын А хэсэгт байна гэж үзсэн. 

Мазаалай нь махан идэштэн амьтдын овогт багтдаг. Холимог идэш тэжээлтэй, Алтайн өвөр говийн хэт гандуу цөлийн хуурай бүсэд амьдардаг говийн баавгай юм. Дэлхийд говийн баавгай гэх нэрээрээ алдаршсан.  

Түүнчлэн цөөн тоогоор амьдардаг, популяцын хувьд устах аюулд орчихсон байгаа амьтан. Тиймээс Мазаалайг хамгаалахын тулд Говийн их дархан цаазат газрыг байгуулсан. Ингэхдээ Мазаалайн үндсэн тархац нутгийг бүрэн хамруулсан бөгөөд 30 гаруй Мазаалай байгааг ул мөрөөр нь судалж, тогтоосон. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харин одоо бол биологийн сүүлийн үеийн судалгааны арга ашиглаж 52 Мазаалай байна гэж тогтоосон юм. 

Мазаалайг хамгаалахын тулд нэн түрүүнд амьдрах орчныг нь сайжруулах хэрэгтэй байдаг. Тухайн орчиндоо тайван, чөлөөтэй амьдрах ёстой. Мазаалай нь өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэмшиж, хол нүүдэллэж амьдардаг. Идэш тэжээл нь хомс, үржлээр хоорондоо тусгаарлагдсан байдаг. Тиймээс амьдрах орчныг нь хамгаалж авч үлдэх маш чухал болоод байна. 

2005 оны судалгаагаар Мазаалай нь Говийн дархан цаазат газрын А хэсэгт 18 мянган километр квадрат нутагт амьдарч байгаа гэсэн тооцоо гарсан.

Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр Мазаалай тархац нутгаа баруун тийшээ тэлэх хандлагатай байна. Иймд амьдарч буй орны усан хангамжийг сайжруулах, хаврын улиралд нэмэлт тэжээл тавих шаардлагатай. 

Гол нь амьдарч буй орчинд хүний болон техник хэрэгслийн нөлөөг бууруулах хэрэгтэй. Мазаалай үргэлж хүнээс дайжиж явдаг, зожиг амьтан юм" хэмээн ярилаа. 

Эрдэм шинжилгээний хурлын зургуудаас: