Өмнөд Солонгосын цагдаагийн төв байгууллага тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын онц байдлын дэглэм зарласантай холбоотой хэргийг шалгах ажлын хүрээнд хилийн хориг тавьж магадгүй байгааг өнөөдөр өглөө мэдээлжээ.
Юн Сүк Ёл өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт улс орондоо цэргийн дэглэм тогтоох шийдвэр зарласан нь Өмнөд Солонгосыг төдийгүй дэлхий нийтийг цочроосон үйл явдал байв.
Одоо түүнийг хуулийн байгууллагууд эх орноосоо урвасан, төрийн эсрэг бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг хэрэгт сэжигтнээр татаад шалгаж байгаа юм.
“Бид түүний улс орноосоо гарч явах магадлалыг тал талаас нь сайтар дүгнэсний үндсэн дээр шийдвэрээ гаргах болно. Мөрдөн шалгах ажилд хүний болон орон зайн хязгаарлалт байхгүй” гэж өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Үндэсний Цагдаагийн Байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах газрын дарга У Жон Сү мэдэгджээ.
Мөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Юн Сүк Ёлыг прокурорын зөвшөөрөлгүйгээр баривчлах, байцаалт авах боломжтойг энэ үеэр сэтгүүлчдэд хэлсэн байна.
Өмнөд Солонгосын цагдаагийн төв байгууллага ерөнхийлөгчтэй холбоотой хэргийг шалгахаар 150 орчим мөрдөн байцаагчтай тусгай багийг ажиллуулж эхэлжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!