Уншиж байна ...

ОХУ-ын ерөнхийлөгчийн хамаатан цэргийн нууц задлав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хамаатан тус улсын Украинд явуулж буй дайны хохиролтой холбоотой тоо баримтыг санамсаргүй нийтэд дэлгэжээ.

Астра телеграм суваг өчигдөр Путиний үеэлийн охин, батлан хамгаалахын дэд сайд Анна Цивилевагийн парламентын байнгын хорооны хурлын үеэр ярьсан зүйлийн дүрс бичлэгийг нийтэлсэн юм.

“Дотоод хэргийн яам өөрийн зардлаар цэргүүдийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу ДНХ мэдээлэл цуглуулж, нэгдсэн мэдээллийн бааз үүсгээд сураггүй алга бологсдыг хайхад ашиглаж байгаа. Одоогоор 48,000 ийм хүсэлт аваад байна” гэж тэр ярьсан нь уг бичлэгт гарсан байна.

Үүний дараа парламентын батлан хамгаалах байнгын хорооны дарга Андрей Картаполов түүнд энэ тоо баримтыг нууцлах ёстойг анхааруулж байжээ.

“Анна Евгеневна сураггүй алга болсон хүмүүсийн тоог сая дурдлаа. Уг тоо баримтыг хаана ч ярихгүй байхыг би танаас чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ бол маш эмзэг, хаалттай мэдээлэл юм. Баримт бичгийг эцэслэн боловсруулахдаа ч эдгээр тоо баримтыг оруулах хэрэггүй” гэж тэр хэлсэн байна.

Цивилева хариуд нь “Би сураггүй бологсдын тоог хэлээгүй. Ар гэрийнхнээс нь ирсэн хүсэлтийн тоог хэлсэн” гэж тайлбарлажээ.

Энэ яриа арваннэгдүгээр сарын сүүлээр зохион байгуулагдсан парламентын сонсголын үеэр болсныг Астра суваг мэдээлсэн байна.

Тухайн үед парламентын вэб сайт хуралдааны дүрсийг шууд дамжуулж байхад тэд энэ хэсгийг бичиж авсан гэнэ.

ОХУ-ын батлан хамгаалах яамны вэб сайтад арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болсон Төрийн Думын байнгын хорооны сонсголын гэрэл зургуудыг зөвхөн нийтэлсэн байна.

Орос, Украины талуудын аль аль нь энэ дайны хохирлын хэмжээгээ нууцалж байгаа.

Мэдээллийн Mediazona сайт 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд амь үрэгдсэн Оросын цэргүүдийн нэр усыг нээлттэй эх сурвалжуудаас цуглуулж, баримтжуулахад 80,000 хүрснийг өнгөрсөн сард мэдээлж байв.

Гэхдээ бодит тоо үүнээс хамаагүй өндөр гэж тэд үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters