Уншиж байна ...

Перу улсын ерөнхийлөгч хамрын мэс заслын улмаас огцрохдоо тулаад байна

Т.Давааням, ikon.mn
2024 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн Перу улсын ерөнхийлөгч Дина Булартегийн хамрын мэс засалтай холбоотой маргаан өнөөдөр тус улсын иргэдийн ярианы гол сэдэв болоод байна.

62 настай ерөнхийлөгч 2023 оны зун хамартаа ямар нэг мэс засал хийлгэсэн байж магадгүй тухай цуурхал хүмүүсийн дунд яригдаж, хэвлэлүүд бичиж байжээ.

Улмаар конгрессын хяналтын түр хороо 2023 оны зургаадугаар сарын 28-наас долдугаар сарын 10-ны хооронд ерөнхийлөгч олны нүдэнд ил гаралгүй алга болсон нь юутай холбоотой болохыг мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Мягмар гарагт уг хорооны хурлын үеэр тухайн үед ерөнхий сайд байсан Алберто Отарола мэдүүлэг өгөхдөө ерөнхийлөгч хамартаа мэс засал хийлгэсэн нь үнэн болохыг баталснаар асуудал улам ноцтой болсон байна.

“Тэр надад хамрын мэс засал хийлгэх гэж байгаагаа хэлсэн. Гэхдээ амьсгалын замын асуудалтай холбоотой гэсэн” гэж ерөнхий сайд асан мэдүүлжээ.

Буларте мэс засалд орохдоо олон нийтэд мэдээлээгүй, эрх мэдлээ шилжүүлээгүй хэмээн буруутгагдаж байгаа юм.

Мэс заслын дараа ерөнхийлөгчийн биед хүндрэл гараагүй тул ажил үүргээ зайнаас гүйцэтгэж байсан гэж Отарола тайлбарлажээ.

Зарим улс төрчид, хуулийн мэргэжилтнүүд Буларте үндсэн хуулийг зөрчсөн тул огцрох ёстой гэж үзэж байна.

“Ерөнхийлөгч түр эзгүй байх хугацаандаа эрх мэдлээ шилжүүлж, конгрессоос зөвшөөрөл авах ёстой байсан тул огцруулах үндэслэлтэй” гэж хяналтын хорооны тэргүүн Хуан Бургос мэдэгджээ.

Мэс засалд орохоосоо өмнө олон асуудалтай байсан Дина Булартегийн хувьд энэ асуудал нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.

Прокурорын байгууллага өмнө нь түүнийг авлига хэлбэрээр авсан Rolex бугуйн цагны цуглуулгатай болсон гэж буруутгаж байв. Тэр өөрөө үүнийг эрс үгүйсгэж байжээ.

2022 онд Булартег огцруулж, ерөнхийлөгчийн сонгуулийг дахин зарлахыг шаардсан иргэдийн жагсаалын үеэр 50 гаруй хүн амиа алдаж байв.

Энэ бүх дуулианы улмаас Булартегийн рэйтинг 10 хүрэхгүй хувь болж унаад байгаа. Түүний бүрэн эрхийн хугацаа 2026 оны долдугаар сард дуусах юм.

 

Эх сурвалж: AFP