Уншиж байна ...

Б.Батцэцэг: Засгийн газрыг бүрдүүлж буй гурван намаас нэг, нэг хүнийг консулаар томилох улс төрийн шийдвэр гарсан

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 13 цаг 23 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элчин сайд, Консулаар мэргэжлийн хүн ажиллах учиртай ч улс төрийн томилгоо хийгдэх гэж байна гэх мэдээлэл гараад буй. 

Энэ асуудлаар өнөөдөр сэтгүүлчид Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн байр суурийг тодрууллаа.

Тэрбээр "Засгийн газрыг бүрдүүлж буй гурван намаас нэг, нэг хүнийг улс төрийн томилгоо хий гэдэг шийдвэр гарсан. Үүнийг айлтай зөвшилцөнө. Шийдвэр эцэслэж гараагүй. Хонконгт суух Ерөнхий консул, БНСУ-ын Бусанд суух консул, БНХАУ-ын Эрээнд суух консулын орон тоонд гурван намаас нэг, нэг хүн дэвшүүлсэн. 

Дэвшүүлсэн хүмүүс нь өөрсдөө явах сонирхлоо илэрхийлсний үндсэн дээрх нам, улс төрийн шийдвэр байх. Үүнийг нь хамтарсан Засгийн газрын хүрээнд шийдсэн.

Хонконгт Д.Одбаяр, Бусанд Ц.Жадамбаа, Эрээнд н.Лхагвадорж гэсэн гурван хүн бий. Харин Элчин сайдаар, консулаар томилогдох гэж байгаа гэх бусад мэдээлэл нь худал" гэсэн юм. 

"Эдгээр хүнд ямар шалгуур тавьж байгаа вэ" гэх сэтгүүлчийн асуултад сайд Б.Батцэцэг "Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд ихэвчлэн дипломатууд, мэргэжлийн хүмүүс томилогддог. Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх ёстой. Англи хэл бол суурь хэл. 

Олон улсад 30 хувьд нь улс төр, өөр салбарын хүмүүс томилогддог практик бий. Энэ бол хамтарсан Засгийн газрын шийдвэр учраас Засгийн газрын гишүүний хувьд судалж үзээд, үүрэг даалгавраа биелүүлэх ёстой. Гэхдээ бүрэн шийдэгдээгүй. Томилогдоно гэдэг бол айлтай зөвшилцөж, айл хүлээж авах эсэх зөвшөөрлөө өгөх ёстой. Түүний дараа тушаал шийдвэр гарч томилогддог. Одоогоор томилогдоогүй байгаа" гэж хариулав. 

Харин дипломат албанд улс төрийн томилгоо хийдэг байдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байгаа тухайгаа тайлбарлахдаа "Энэ бол төрийн тусгай алба. Салбараа цэвэрхэн, мэргэжлийн байлгах тал дээр би маш их санаа зовдог. Өмнө нь салбарынхаа буруу томилгоонуудын талаар маш их шүүмжлэлтэй хандаж, засахын төлөө оролддог байсан. Сүүлийн дөрвөн жилд энэ салбарын дотоод томилгоо, дипломатуудыг гадаад улсад томилохдоо шалгуурыг өндөрсгөх, мэргэжлийн болгох талд ихээхэн анхаарсан. 

Хугацаатай алба учраас өмнөх улс төрийн шийдвэрээр гарсан буруу томилгоонуудыг засахыг оролдсон. Хугацаа нь дуусаад дараагийн явах хүмүүсийг мэргэжлийн байлгахыг хичээсэн. 2022-2023 онд 30 орчим Элчин сайд томилогдсон. 2022 онд 23 Элчин сайдын 80 хувь нь мэргэжлийн хүмүүс байв. Үүний дараа ч голдуу дипломатууд томилогдсон. 

Төрийн өндөр алба хашиж байсан, хэлний мэдлэг сайтай, олон улсын харилцааны салбарт тодорхой хугацаанд ажиллаж байсан хүмүүсийг томилохыг би дэмждэг. 

Томилогдсон хүмүүсээс тухайн үедээ шүүмжлүүлж байсан ч Элчин сайдынхаа үүргийг сайн гүйцэтгэж, харилцааг эдийн засагжуулах чиглэлд болон иргэдийнхээ асуудалд онцгой анхаарч буй хүмүүс бий" хэмээлээ. 

Ирэх онд 23 Элчин сайдын хугацаа дуусах бөгөөд томилгооны багадаа 70 хувьд дипломат албанаас буюу мэргэжлийн хүн явах ёстой гэж байр суурийг тэрбээр мөн илэрхийлэв.