Уншиж байна ...

Канадыг "АНУ-ын 51 дэх муж байх боломжтой" гэж Трамп хэлснийг “хошигнол байсан” гэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялаад буй Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой өөрийн эдлэнд оройн зоог барьсан юм.

Энэ үеэр тэр Канадыг АНУ-ын 51 дэх муж байх боломжтой тухай ярьсныг Фокс Ньюс суваг мэдээлжээ.

Харин тус оройн зоогт оролцсон Канадын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Доминик Леблан үүнийг “хошигнол байсан” гэж өчигдөр тайлбарласан байна.

“Ерөнхийлөгч хошигнож, биднээр тохуурхаж байсан. Мэдээж үүнд ямар ч ноцтой утга агуулга байгаагүй” гэж Оттавад сэтгүүлчидтэй уулзахдаа Леблан хэлжээ.

Трампын Флорида дахь Мар-А-Лаго эдлэнд гурван цаг үргэлжилсэн талархлын баярын зоогийг тэр “найрсаг уур амьсгалтай болсон” гэж дүгнэсэн байна.

“Ерөнхийлөгч ингэж хошигносон нь сайн харилцааны илрэл юм” гэж Леблан хэлжээ.

Харин өчигдөр Трамп уг хошигнолоо үргэлжлүүлж, сошиал хуудсандаа хиймэл оюуны технологиор үүсгэсэн нэг зургийг нийтэлсэн байна.

Уг зурагт уулын орой дээр Канадын далбааны дэргэд зогсож буй Трампыг дүрсэлсэн байв. Тайлбарт нь тэр “Oh Canada!” гэж бичжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Трамп АНУ-ын хөрш Канад, Мексик улсуудыг хууль бус цагаачлал, мансууруулах бодисын эсрэг арга хэмжээ авахгүй бол бүх импортын бараанд нь 25 хувийн татвар оноохоор сүрдүүлсэн юм.

Энэ мэдэгдлийн дараа Канадын ерөнхий сайд Жастин Трюдо түүнтэй биечлэн уулзах хүсэлт тавьж байв.

Уулзалтын үеэр Трюдо өөрийнх нь хилийн асуудал Мексикийн нөхцөл байдалтай харьцуулшгүй өөр болохыг тайлбарласан гэх мэдээлэл бий.

Хэрвээ Трампын сүрдүүлэг хэрэгжвэл Канадын эдийн засагт том цохилт болох юм. Канадын нийт экспортын 77 хувь АНУ-д оногддог.

Умард Америкийн гурван улс болох АНУ, Канад, Мексик нь хоорондоо ихэнх бараа бүтээгдэхүүнээ татваргүй солилцох худалдааны гэрээтэй байдаг.

Трамп өмнөх засаг захиргааныхаа үед АНУ-д ашиггүй гэсэн үндэслэлээр уг гэрээг шинэчилж байсан юм.

АНУ-ын 36 мужийн хамгийн том экспортлогч нь Канад байдаг.

Өдөр бүр Канадаас АНУ-д $2.7 тэрбумын бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байдаг юм.

Гэхдээ Трюдо Трамптай хийсэн уулзалтаасаа ямар нэг амлалтгүй буцсан гэлцэж байна.

Трамп уг уулзалтыг “бүтээлч” болсон гэж дүгнэсэн ч Канадын импортод татвар оноох санаагаа орхиогүй байгааг далд утгаар илэрхийлсэн юм.

Канад, Мексик хоёр улсын хувьд АНУ-ын хилээр нэвтрүүлдэг хууль бус цагаач, мансууруулах бодисын хэмжээ нь үлэмж ялгаатай байдаг.

Сүүлийн санхүүгийн жилд АНУ-ын гаалийн алба Канадын хил дээрээс нийт 19.5 кг фентанил хураасан бол Мексикийн хил дээр 950 кг-ийг хурааж байжээ.

Хүчтэй мансууруулах үйлчилгээтэй фентанилын тун хэтрүүлсний улмаас АНУ-д жилд 70,000 орчим хүн амиа алддаг.

2023 оны аравдугаар сараас 2024 оны есдүгээр сар хүртэл хугацаанд Мексикийн талаас 1.53 сая хууль бус цагаач хил нэвтрэхээр завдсаныг АНУ-ын хилийн хамгаалалтын алба зогсоож байжээ.

Ижил хугацаанд Канадын хил дээр 23,721 хууль бус цагаач баригдсан байна.

 

Эх сурвалж: Associated Press