Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн 68 настай тэрбумтан Чуон Ми Лан тус улсын түүхэнд хамгийн том банкны луйвар үйлдсэн хэрэгт буруутгагдаж, энэ оны дөрөвдүгээр сард шүүхээс цаазын ял сонсож байв.
Тэрбээр Вьетнамын тав дахь том банк болох Saigon Commercial Bank банкнаас арван жилийн хугацаанд өөрийн мэдлийн халхавч компаниудаар дамжуулан нийт $44 тэрбумыг луйвардсан нь мөрдлөгийн үр дүнд илэрсэн юм.
Үүнээс $27 тэрбумыг Чуон Ми Лан хувьдаа завшсанаас $12 тэрбумыг нь прокурорууд хурааж байжээ.
Вьетнамын хуулиар завшсан хөрөнгийнхөө 75 хувийг буцааж төлбөл ялаа хөнгөлүүлж болдог тул Чуон Ми Лан $9 тэрбумыг төлөөд цаазын ялаа бүх насаар хорих ял болгох боломжтой гэнэ.
Өнөөдөр буюу Мягмар гарагт түүний давж заалдах шүүх хурал болох юм.
Энэ үеэр өмгөөлөгчид нь дээрх мөнгийг цуглуулах боломж олгох хүсэлтийг шүүхэд тавихаар төлөвлөжээ.
Хөрөнгүүдээ зарж борлуулан бэлэн мөнгө болгоход хугацаа шаардлагатай тул ийм хүсэлт тавьж байгаагаа тэд тайлбарласан байна.
Тухайлбал нийслэл Ханой хотод байдаг тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг хурдан зарж чадвал дээрх мөнгийг бүрдүүлэх боломжтой гэнэ. Харин янз бүрийн төслүүдэд оруулсан хөрөнгө, үнэт цаас зэргийг бэлэн мөнгө болгоход хэцүү гэж үзэж байна.
Нөгөө талаар луйврын аргаар олсон зарим хөрөнгүүдийг нь хуулийн байгууллага битүүмжлээд байгаа юм байна.
“Түүний эзэмшилд байгаа хөрөнгийн нийт үнэлгээ нь буцааж төлөх шаардлагатай мөнгөний хэмжээнээс давж байгаа. Гэсэн хэдий ч эдгээрийн ихэнх нь үл хөдлөх хөрөнгө тул цаг хугацаа, хүчин чармайлт шаардагдана. Чуон Ми Ланд нөхөн төлбөрөө бүрдүүлэх хамгийн таатай нөхцөлийг шүүх олгоно гэдэгт итгэж байна” гэж өмгөөлөгч нь мэдэгджээ.
Хэрвээ шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзвал тэр цаазын ял гүйцэтгэхээс өмнө амжиж их хэмжээний мөнгө цуглуулах хэрэгтэй болох юм байна.
Энэ тохиолдолд Чуон Ми Лан найз нөхдөөсөө зээл авах хэрэгтэй ч болох магадлалтай гэнэ.
Вьетнам улс цаазын ялыг төрийн нууцад хамруулдаг. Тус улсын эрх баригчид хэдэн хүн цаазын ял авсан талаар тоо баримтыг зарладаггүй. Гэхдээ хүний эрхийн байгууллагууд Вьетнамыг дэлхийн хамгийн том цаазын ял гүйцэтгэгч улсуудын нэг, яг одоо 1,000 гаруй хэрэгтэн амьдрах хоногоо тоолж байгаа гэж баримжаалдаг.
Ялын дээд хэмжээг гүйцэтгэхээсээ өмнө хэрэгтэнд тодорхой мэдээлэл өгөлгүй удаан хугацаанд (заримдаа хэдэн жил) хүлээлгэдэг гэсэн мэдээлэл бий.
Хо Ши Мин хотод Хятад-Вьетнам гаралтай гэр бүлд мэндэлсэн Чуон Ми Лан анх ээжтэйгээ зах дээр гоо сайхны бараа бүтээгдэхүүний лангуу нээснээр бизнесээ эхлүүлж байжээ.
Коммунист нам 1986 онд эдийн засгийн шинэчлэл нэвтрүүлж эхлэхэд тэр газар, үл хөдлөх хөрөнгө худалдан авч эхэлсэн байна.
1990-ээд онд тэр хэд хэдэн зочид буудал, ресторан эзэмшдэг болоод байжээ.
Баривчлагдахаасаа өмнө Чуон Ми Лан үл хөдлөх хөрөнгийн томоохон компани “Van Thinh Phat” группийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байв.
Дөрөвдүгээр сард болсон шүүх хурлаар түүний хэрэгтэй холбоотой нийт 85 хүн шийтгүүлсэн юм. Тэдний дөрөв нь бүх насаар хорих ял, бусад нь гурваас 20 жилийн хорих ял сонсож байжээ.
Тухайлбал Чуон Ми Ланы нөхөр есөн жил, зээ охин 17 жилийн хорих ял сонссон байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!