Бүгд Найрамдах Гвиней Улсын хоёр дахь том хот болох Нзерекоред болсон хөлбөмбөгийн тоглолтын эмх замбараагүй байдал үүсэж, 56 хүн нас баржээ.
Гэхдээ нас барсан иргэдийн тоог дарж мэдээллээ гэж олон хүн бухимдаж байна. Амиа алдсан хүний бодит тоог 100 руу дөхсөн гэж тэд үзэж байгаа аж.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хөлбөмбөгийн тоглолтын үеэр зочин багийн хоёр тоглогчийг хөөж, торгуулийн цохилт заасан нь хөгжөөн дэмжигчдийн бухимдлыг төрүүлж, үймээн гарахад хүргэжээ.
Энэ үйл явдлын талаар тус улсын ерөнхий сайд Оури Бах эмгэнэл илэрхийлээд, гэм буруутай этгээдийг олж тогтоохын төлөө чадах бүхнээ хийхээ амласан байна.
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмч Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа "Эмнэлэгт нүдээр харахад эгнүүлсэн олон цогцос байна. Морг дүүрсэн" гэж ярьжээ.
Зочин багийн хөгжөөн дэмжигчид шүүгч рүү чулуу шидсэний дараа хууль сахиулагчид нулимс асгаруулдаг хий ашигласан гэж орон нутгийн хэвлэлд онцолсон юм.
Болсон үйл явдлыг нүдээр үзсэн нэгэн гэрчийн ярьснаар "Энэ бүхэн шүүгчийн маргаантай шийдвэрийн дараа эхэлсэн. Дараа нь үзэгчид талбай руу дайрсан" гэсэн байна.
Цэнгэлдэхэд хөлбөмбөгийн тоглолт үзэхээр олон мянган хүн цугларсан байв. Харин үймээн болох үеэр гарах ганцхан гарцтай байсны улмаас олон хүн амь насаа алдах шалтгаан болсон гэж хэвлэлийнхэн онцолжээ.
Үймээн болсон бүс нутагт интернэтийн үйлчилгээг хязгаарласан, шархадсан хүмүүсийг эмчилж буй эмнэлэгт цагдаа нар хамгаалалт хийж байгаа аж. Тэд зөвхөн эмнэлгийн ажилтнуудыг л дотогш нэвтрэхийг зөвшөөрсөн байна.
Ерөнхий сайд О.Бах болсон үйл явдлын улмаас хохирсон хүмүүст эмнэлгийн болон сэтгэлзүйн бүрэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Гвиней бол хөлбөмбөгийн стандарт талбайгүй тул нутагтаа олон улсын тэмцээн зохион байгуулах эрхгүй Африкийн цөөн улсын нэг. Этиоп, Чад, Гамби зэрэг орныг шаардлага хангахгүй байгаа тул Африкийн хөлбөмбөгийн холбооноос торгууль тавьсан билээ.
Тиймээс Африкийн цомын тэмцээнд Гвиней улс оролцохын тулд хөрш Кот-д'Ивуарт зохион байгуулсан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр үймээн болсон цэнгэлдэх нь олон жилийн өмнө эхэлсэн дуусгаагүй төслийн нэг байжээ.
Өнгөрсөн Ням гарагт болсон уг тоглолт нь 2021 онд төрийн эргэлт хийсэн Гвинейгийн ерөнхийлөгч Мамади Думбуяд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааны нэг хэсэг байв.
Сөрөг хүчнийхэн энэ тэмцээнийг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өргөн хүрээний компанит ажлын нэг хэсэг гэж шүүмжилжээ.
Даваа гарагт сөрөг хүчний "Өөрчлөлт, ардчиллын төлөөх үндэсний холбоо"-ноос эрх баригчдыг "эдгээр ноцтой үйл явдалд ихээхэн хариуцлага хүлээх ёстой" гэж буруутгав.
Харин Засгийн газрын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Эх сурвалж BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!