Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр Үндэсний сагсан бөмбөгийн Дээд лигийн ээлжит тоглолтууд болсон юм. Шинэ улирлыг 9-0 амжилтаар тэргүүлж буй "Хасын Хүлэгүүд" баг "Сэлэнгэ Бодонгууд" багийн талбайд зочилсон.
Дарханд болсон уг тоглолтын үеэр өнгөрсөн зургаадугаар сард нээлтээ хийсэн "Darkhan United Arena"-гийн дээврээс ус гоожсон тул түр завсарлахад хүрсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ордны агааржуулалтыг халаах систем бүрэн ажиллаагүй үед хэт олон хүн цугларч, цан үүссэнээр дээврээс ус дуссан байна. Тоглолт хэсэг завсарлаад 10-аад минут үргэлжилсний дараа "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч С.Биндэръяа талбай дээр халтирч унаснаар дахин завсарлахад хүрсэн аж.
Үүний дараа тамирчдын аюулгүй байдлын үүднээс тоглолтыг нэг цаг гаруй хугацаанд хойшлуулсан байна.
Уг тоглолтод "Хасын Хүлэгүүд" баг өрсөлдөгчөө 65:56-гаар ялсан юм.
Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ны захиалгаар "Darkhan United Arena" спорт цогцолборын зураг төслийг 2006 онд хийж, 2009 оноос төслийн ажил нь эхэлжээ. Нийт 2,200 хүний багтаамжтай цогцолборыг “Нэмбар” ХХК хариуцсан ч тодорхой шалтгааны улмаас барилгын ажлын явц удааширсан байна.
Захиалагч болон Гүйцэтгэгч хоёр талын маргаанаас болж, "Нэмбар" ХХК нь ажлаа дуусгалгүй орхисон аж.
Улмаар өнгөрсөн жил Сангийн сайд Б.Жавхлан барилгын ажлыг хурдасгах үүднээс Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийнхнаар бариулж дуусгажээ.
13 жилийн өмнө 11 тэрбум төгрөгийн төсөвтэй эхэлсэн уг цогцолборын барилгын ажил дуусах үеэр 34 тэрбум төгрөг болж нэмэгдсэн төдийгүй төсөвт гурван удаа тодотгол хийсэн юм.
Энэ талаар тус цогцолборыг хариуцаж буй менежерээс нь тодруулахад "Манай цогцолборын зураг төсөл нь 2006 оных. Гүйцэтгэгч компани нь захиалагчтайгаа шүүхийн маргаантай байгаа.
2009 онд төсөл нь эхэлсэн гэхээр ашиглалтад орох хүртэл 15 жил зарцуулсан байна. Энэ хугацаанд ажил гүйцэтгэсэн зарим компанийн мэдээллийг олж чадаагүй. Тодруулбал агааржуулалтын систем, дулааныг хоёр өөр компани угсардаг, тусдаа асуудал. Гэтэл агааржуулалтыг халаах системийг хийсэн компанийн мэдээллийг гүйцэтгэгчид бидэнд өгдөггүй. Үүнийг засаж өгөөч гэдэг хүсэлтээ хариуцагч байгууллагад өгсөн байгаа.
Гэхдээ манай цогцолбор таван блокоос бүрддэг. А, Б блок нь спорт цогцолбор. Бусад гурван блок нь өөр байгууллагын харьяанд байдаг. Манай барилгууд улсын бүртгэлд салж бүртгэгдээгүй. Ус, цахилгаан, дулаантай албан ёсоор гэрээ хийгээгүй байна.
Одоогоор энэ таван блокийн хэрэглээний төлбөрийг Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ) хариуцаж байна.
Тус цогцолборыг өнгөрсөн сарын эхний долоо хоногт Дархан-Уул аймгийн өмч болж, албан ёсоор шилжиж ирсэн. Энэ сарын 5-нд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-аар ороод цогцолборыг засварлах, шинэчлэх, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн явуулах зэрэг шийдвэр гарна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!