Уншиж байна ...

Б.Ундрал: 2024 онд цалингийн орлого сайжирч, улмаар өрхийн бодит орлогод эерэг нөлөөлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монголын эдийн засгийн тойм” тайланг танилцуулах хэвлэлийн хурлыг Дэлхийн Банкнаас өнөөдөр зохион байгууллаа. 

Тус тойм тайлангийн дугаарт уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэх нөлөөгөөр Монгол улсын эдийн засаг 2024 онд 5.3 хувь, ирэх онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байгааг танилцуулав.  

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэхдээ "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг хоёр үгэнд товчилбол хэт өндөр хэлбэлзэл болон тодорхой бус байдал гэж хэлэхээр байна.

Хамгийн гол нь эдийн засгийн бат бэх, тогтвортой байдлыг хадгалах. Түүнчлэн Монголын эдийн засгийг хүрээлэх гадаад орчны нөхцөл байдлыг тогтмол анхааралтай ажиглах явдал юм.

Энэ зорилгоор Дэлхийн Банкнаас Монголын эдийн засгийн тайланг жилд хоёр удаа боловсруулдаг" гэлээ. 

Монголын эдийн засгийн тойм тайланг эдийн засагч Б.Ундрал дараах байдлаар танилцууллаа. 



Айл өрхүүдийн хувийн хэрэглээг дэмжсэн үзүүлэлт: 

2024 оны эхний хагаст хөдөлмөрийн зах зээл сэргэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин КОВИД-ын өмнөх түвшин рүү хүрч сэргэсэн байна. 

Иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх боломж нь нэмэгдэж, цалин хөлс ч өссөн. Энэ утгаараа өрхийн цалингийн орлого сайжирч, улмаар өрхийн бодит орлогод эергээр нөлөөлжээ.

Орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээгээ санхүүжүүлэх боломж бүрдсэн байгаа юм.

Өрхийн бодит хэрэглээг дэмжсэн дараагийн үзүүлэлт нь инфляц.

Инфляцыг 2024 оны эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оны дундажтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл дунджаас доогуур түвшинд хадгалагдсан байна. 

Инфляц ингэж доогуур түвшинд хадгалагдсанаар өрхийн олж байгаа орлогын бодит түвшинд эергээр нөлөөлж эхэлнэ. Инфляц буурч байгаа учраас Төв банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэрийг энэ онд гурван ч удаа гаргалаа.

  • Эхний шалтгаан нь гадаад зах зээлд импортоор авдаг хүнс, шатахууны үнэ буурч орж ирсэн учраас инфляц буурчээ.
  • Дараагийн шалтгаан нь дотоодод махнаас бусад бараа үйлчилгээний үнэ тогтвортой байсан. 

Энэ жилийн инфляц Төв банкны зорилтын түвшинд хадгалагдсан гэж хэлж болно. 

 "Хэрэглээ, бизнесийн зээлийн өсөлт эрчимжсэн"

Өрхийн бодит орлого, хэрэглээг дэмжсэн нэг үзүүлэлт бол банкнаас олгож байгаа "хэрэглээний зээл" юм.

Хэрэглээний зээл 2023 оны дунд үеэс эхлэн тогтмол өндөр түвшинд хадгалагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл хэрэглээ, бизнесийн зээлийн өсөлт эрчимжсэн.

Банкууд хэрэглээний зээлийг "цалин, тэтгэвэр барьцаалсан зээл" гэж үздэг учраас харьцангуй эрсдэл багатай тул түлхүү олгох хандлагатай байдаг.

Тэр хандлагыг баримтлаад хэрэглээний зээлийг өндөр түвшинд олгож иржээ. Энэ нь ААН-үүдийг зээл авч, хэрэглээгээ санхүүжүүлэх бас нэгэн санхүүгийн эх үүсвэр болж буй. 

Зээлийн өсөлтийн графикт энэ жил онцлох ямар үзүүлэлтүүд байна вэ? 

Бизнесийн зээлийн өсөлт онцлохуйц байлаа. 

Тодруулбал 2023 онд бизнесийн зээл дорвитой өсөхгүй байсан. Гэтэл 2024 онд бизнесийн зээл өсөж, хэрэглээний зээлтэй тэнцэж байгаа. 

Энэ нь бизнесийн орчинд итгэл сэргэж, чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа зэргээс хамаарч байна. Улмаар банкууд бизнесүүдэд хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийг олгож, энэ үйл ажиллагаа эрчимжсэн дүр зурагтай байна.

Өмнө дурдсан эдийн засгийн агентууд буюу хувийн ААН-үүдийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн, цаашлаад дотоод эрэлтийг нэмэгдүүлсэн хүчин зүйл болж байна.

Дотоод эдийн засгийн агентуудын гурав дахь агент нь төрийн салбар юм.

Улсын байгууллагуудын хэрэглээг 2024 оны эхний есөн сарын байдлаар өндөр гарсан.

Ерөнхийдөө орлого нийтээрээ өссөнтэй холбоотойгоор хувь хүн, ААН-ийн орлогын албан татвар өндөр байсан учраас 2024 оны эхний есөн сарын байдлаар төсөв ашигтай байгаа.

Энэ нь 2023 онд ч мөн адил давтагдаж байсан. 2024 онд ялимгүй бага ч "ашигтай хэвээр". 

Ийм олон шалтгаанаар дотоод эрэлт өндөр гарч, эдийн засгийг дэмжсэн байна. Гэхдээ энэ нь зоосны нөгөө талдаа очоод импортыг өдөөж байдаг. Үүнийг харж болох эхний үзүүлэлт бол сарын төлбөрийн тэнцлийн статистик. Тэр дундаа барааны тэнцэл юм. 

"Төлбөрийн тэнцлийн дарамт энэ онд эрчимжиж нэмэгдсэн"

Барааны тэнцэл буюу нийт экспортоос импортыг хассан тэнцэл 2024 оны эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан. 

Бараг тэн хагас нь буурсны гол шалтгаан нь Монгол нүүрс, зэсээ экспортолсон хэвээрээ л байгаатай холбоотой. Гэхдээ импорт нь илүү хурдтай тэлж ирсэн.

Импортын зардал нэмэгдсэн учраас барааны тэнцэл муудаж, үүнийг дагаад урсгал тэнцэл муудаад "төлбөрийн тэнцлийн дарамт" энэ онд эрчимжиж нэмэгдсэн.

2024 оны эхний есөн сарыг дүгнэвэл ерөнхийдөө иймэрхүү дүр зурагтай байна.

Цаашдын нөхцөл байдал буюу 2025, 2026, 2027 онд эдийн засаг ямар төлөвтэй байх вэ, түүнд ямар эрсдэл нөлөөлөх вэ гэдгийг дэлгэрүүлж үзье.

  • 2024 оны сүүлийн улиралд дотоодын эргэлт уул уурхай, төлбөрийн тэнцэлтэй холбоотой трэнд хэвээр хадгалагдаж, 2024 онд өсөлт 5.3 хувь орчимд байх болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа.
  • 2025 онд өсөлт эргэж сэргээд 6.5 хувь руу орно гэж үзэж байна. Үүнд нөлөөлж буй хоёр чухал хүчин зүйл бий.

Нэг нь Оюутолгой гүний уурхай руугаа илүү дорвитой орж үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ. Үүний зэрэгцээ зэсийн баяжмалынхаа экспортыг нэмэгдүүлэх учраас эдийн засгийн өсөлт, төсвийн баланс, түүнийг дагаад бусад ААН-д ч томоохон эерэг нөлөө үзүүлэх нь ээ.

Нөгөө хүчин зүйл нь хөдөө аж ахуйн салбар. 2023, 2024 онд жил дамнаад зудын гамшиг нүүрлэсэн. Энэ өвөл дахиад зуд нүүрлэхгүй бол хөдөө аж ахуйн салбар эргээд сэргэнэ. Тэр нь мэдээж Дотоодын Нийт Бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн салбарын айл өрхүүдийн амьжиргаанд эергээр нөлөөлнө гэсэн төсөөлөлтэй байгаа.

Дотоодод Оюутолгой, хөдөө аж ахуй гэх хоёр үндсэн хүчин зүйл байна.