Уншиж байна ...

Д.Цогтбаатар: Хориг хүлээн авсантай холбоотойгоор 2025 оны төсвөөс хэдийг хасах вэ гэдэг нь УИХ-ын гишүүдийн эрх

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2025 оны төсөвт тавьсан ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан хэрхэн хэлэлцэх талаар нэг удаагийн Дэгийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Орон нутгийн төсвийн харилцааг яаж зохицуулах вэ. Хуулийн хугацаанд Засаг дарга нар ИТХ-д хүчин төгөлдөр болоогүй төсвөө өргөн барьж байна. Хуулийн хугацаатай учраас өргөн барьсан.

Өнөөдөр нэг удаагийн дэг оруулж ирлээ. Дэгийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад явж болоогүй юу. Ерөнхийлөгч дахиад хориг тавивал иймэрхүү байдлаар нэг удаагийн Дэгийн хууль батлаад байх уу. Гишүүд зарчмын зөрүүтэй саналаа хэзээ гаргах вэ.

Нийт гурван удаагийн хэлэлцүүлэг хийгдэх юм байна. Танилцуулгын хэсгийг хасаж, шууд санал дүгнэлт гаргаад явна. Хасах ёстой гээд байгаа урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг аль шатанд, хэн хасах вэ. Засгийн газар хасах уу, ажлын хэсэг хасах уу эсвэл гишүүд өөрсдөө зарчмын зөрүүтэй санал гаргаж хасах уу" гэж асуув. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Ерөнхийлөгч 2025 төсөвт хориг тавьж, УИХ хүлээж авснаар хууль хүчингүй болно гэдэг ойлголт байхгүй. Засвар хийхээр буцааж буй гэсэн статустайгаар үргэлжилж, Дэгийн тухай хуулиар хэлэлцэгдээд явна.

Тиймээс ирэх сарын 5-нд орон нутгууд төсвөө баталдгаараа батална. Хоригийн хүрээнд хийгдсэн засварын дараа шаардлагатай бол аймгууд төсөв дээрээ тодотгол хийнэ. Арванхоёрдугаар сарын 5-нд төсөв хэлэлцэх асуудлаа эргэлзэхгүйгээр хэлэлцээд явах чиглэл өгсөн" гэлээ.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэрхэн хэлэлцэх дэгийг боловсруулж буй ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Дэгийн тухай хуулийн 16 дээр хуралдааны дэгээр хэлэлцээгүй асуудлыг хэлэлцэх журам гэж бий. 

Нэмэлт өөрчлөлт оруулах гэхээр Хууль тогтоомжийн тухай хуулиар цаг хугацааны хувьд шахагдсан. Ерөнхийлөгчийн хориг дараа дараагийн жилд тавигдах нөхцөл байна. Хоригийг УИХ хүлээж авсан тохиолдолд тогтмол шийдэж явах өөрчлөлтийг оруулна. 

Нэг удаагийн хуульд гишүүд зарчмын зөрүүтэй саналаа төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэгт оруулж ирж болно" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "Өмнө нь бүхэлд нь тавьсан ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан жишиг байхгүй учраас бид тусгайлан хууль гаргаж байна. Хэн хаана хасах вэ гэдгийг нэг удаагийн хуулиар зохицуулсан. 

УИХ-ын гишүүд 2025 оны төсвийн юуг хасах вэ гэдэгт бүтээлчээр хандаж оролцох боломжтой. Угаасаа гишүүд хасах эрхтэй. Эх сурвалжаа өөрөө тодорхойлох ёстой" гэв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/1030417142432074