Уншиж байна ...

Украин анх удаа АНУ-ын алсын тусгалын пуужингаар Оросын нутагт довтолж, Путин цөмийн зэвсгийн номлолоо шинэчлэв

Т.Давааням, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгийн номлолоо шинэчлэн баталж, цөмийн зэвсгийг хэрэглэх босгыг намсгах шийдвэр гаргажээ.

Энэ нь Вашингтоны эрх баригчид АНУ-ын нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрийн гүнд ашиглахыг Украин улсад зөвшөөрсний хариу арга хэмжээ байв.

Тэгвэл Путинийг шийдвэрээ гаргасны дараахан Украины арми Оросын хил орчмын бүс нутагт анх удаа АНУ-ын алсын тусгалын зэвсгийг хэрэглэсэн тухай Москвагаас мэдээлжээ.

Цохилтын бай нь Брянск мужийн нутаг дахь цэргийн байгууламж байсан байна.

Украины хилээс 115 км зайтай оршдог Карачевын зэвсгийн агуулахад пуужингаар довтолсноо Украины зэвсэгт хүчний жанжин штаб сүүлд баталжээ.

Яг ямар төрлийн пуужингаар цохилтыг гүйцэтгэснээ нууцалсан байна.

Путиний баталсан номлолд цөмийн зэвсэгтэй улсын дэмжлэгтэйгээр цөмийн зэвсэггүй улс нутаг дэвсгэрт нь халдсан тохиолдолд Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх боломжийг авч үзэх талаар тусгажээ.

Гэхдээ ийм нөхцөл бүрдэхэд заавал цөмийн зэвсэг хэрэглэх тухай тусгаагүй байна.

“Цөмийн зэвсэггүй улс цөмийн зэвсэгтэй улсын оролцоотой түрэмгийлэл үйлдвэл үүнийг хамтарсан дайралт гэж үзэх болно” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шинэ номлолыг тайлбарлажээ.

Орос улс цөмийн зэвсгийг зөвхөн өөрийгөө хамгаалах хэрэгсэл гэж үзэж ирсэн бөгөөд зайлшгүй хүчинд автсан тохиолдолд хэрэглэх боломжтойг Песков нэмж тайлбарласан байна.

Тэр бас Путиний баталсан шинэ номлолыг гадаадад судлах ёстой “маш чухал баримт бичиг” гэж тодорхойлжээ.

Шинэ номлолд мөн ямар нэг цэргийн эвслийн гишүүн орон Орос улсад түрэмгийлэл үйлдвэл тухайн эвсэл бүхлээрээ оролцсонд тооцох тухай дурдсан нь шууд утгаараа НАТО-д чиглэсэн заалт болсон байна.

АНУ, ОХУ хоёр нийлээд дэлхийн нийт цөмийн зэвсгийн нөөцийн 88 хувийг эзэмшдэг.

Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноос хойш Путин цөмийн зэвсгээр Өрнөдийг байнга сүрдүүлж байгаа.

Өнгөрсөн хугацаанд цөмийн зэвсгийн номлолдоо оруулсан шинэчлэл нь Украинд үзүүлэх Өрнөдийн тусламж дэмжлэгийг зогсоож чадаагүй тул илүү хатуу арга хэмжээ авахыг Оросын хэт үзэлтнүүд эрх баригчдадаа уриалсаар байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters