Уншиж байна ...

Израилийн ерөнхий сайд Хамасын барьцаанд байгаа иргэн тус бүрээ $5 саяар үнэлэв

Т.Давааням, ikon.mn
2 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр Палестины нутаг дэвсгэрт хүрэлцэн очихдоо Хамас зэвсэгт байгууллагын барьцаанд байгаа иргэдийг нь чөлөөлөхөд тусалбал хүн тус бүрийг $5 саяар үнэлж, шагнахаа амлажээ.

Мөнгөн шагналаас гадна дайны хөлд нэрвэгдсэн Газын зурвасаас гарч явах боломж олгохоо тэр мэдэгдсэн байна.

“Бүслэлтээс гарах хүсэлтэй хүмүүст хэлэх үг надад байна. Бидэнд барьцааны хүнийг авчирч өгвөл танд гэр бүлтэйгээ хамт аюулгүй гарч явах боломж олгоно. Бас чөлөөлөгдсөн хүний тоогоор $5 саяыг өгөх болно” гэж Нетаньяху мэдэгджээ.

“Сонголт таных гэхдээ ямар ч тохиолдолд үр дүн ижил байх болно. Бид барьцааны хүмүүсээ бүгдийг чөлөөлнө” гэж тэр цааш нь хэлсэн байна.

Палестины Хамас зэвсэгт байгууллага зөвхөн Газын зурваст үргэлжилж буй дайныг зогсоох тохиролцоонд хүрсэн тохиолдолд барьцааны хүмүүсийг шилжүүлж өгөх нөхцөл тавьж байгаа.

2023 оны аравдугаар сарын 7-нд тус байгууллага Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдахдаа 250 орчим хүнийг барьцаалсан юм.

Өнөөдрийн байдлаар тэдний 100 орчмыг Хамасын гишүүд Газын зурвасын хаа нэгтээ нууж байгаа гэж үздэг.

Гэхдээ тэд бүгд амьд байгаа гэх баталгаа байхгүй юм.

Зарим барьцааны хүмүүсийн төрөл төрөгсөд эрх мэдлээ хадгалахын тулд дайныг дуусгахаас татгалзаж буй Нетаньяхуг шүүмжилдэг.

Өчигдөр Нетаньяху ямар ч тохиолдолд цаашдаа Газын зурвасыг Хамасын хяналтад үлдээхгүй гэдгээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters