Уншиж байна ...

С.Сайнбилэг: Оны эхний 10 сарын байдлаар 2,413 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

"Гүүд Нэйборс" Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн болон Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам хамтран Монгол-Солонгосын хамтарсан хурал зохион байгуулж байна.

"Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь" сэдвийн хүрээнд зохион байгуулсан тус хурлын эхний өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсролын Яам, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар болон бусад төлөөллүүд оролцсон юм.

"Хүүхэд хамгааллын чиглэлээр Иргэний нийгмийн байгууллагын оролцоо их чухал"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар "Гүүд Нэйборс" Олон улсын төрийн бус байгууллагын Солонгос дахь Төлөөлөгчийн газрын Чүн Чон бүсийн захирал Ким Хуан Жэ "Өнгөрсөн жил бид үйл ажиллагаа танилцуулах зорилготой нэг өдрийн хурал зохион байгуулсан бол энэ удаад илүү өргөжүүлж илүү олон сэдвээр санал солилцож байна.

Хүүхэд хамгааллын асуудал бол улс орон бүрд тохиолдож буй чухал асуудал. Ийм сэдвийг нуух гэж оролдолгүй бидэнтэй туршлага солилцож байгаа нь талархууштай. Эхний өдөр энэ сэдвээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын хариуцаж буй хүмүүсийн үг, цаашид хийх ажлын талаар санал солилцсон бол хоёр дахь өдөр нь Иргэний нийгмийн байгууллагууд, дүүрэг, хорооны нийгмийн ажилтнуудын саналыг сонсох юм.

Энэ салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд руу чиглэсэн санал солилцох нь хурлын гол зорилго юм. 

Хүүхдийн эрхийг хамгаалахад зөвхөн Төрийн байгууллагын оролцооноос гадна Иргэний нийгмийн байгууллагын идэвх их чухал үүрэгтэй байдаг" гэж онцоллоо.

"Нөлөөллийн аян зохион байгуулснаар гэмт хэрэгт холбогдох хүүхдийн тоо буурсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хурлын үеэр "Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөө, цаашид хэрэгжүүлэх ажил" сэдвээр Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Сайнбилэг илтгэл тавьсан юм.

Тэрбээр "Энэ оны эхний 10 сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэргийн улмаас хохирсон тоо 2,413 байна. Тодруулбал хулгайн гэмт хэрэгт 705, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 593, хүчиндэх гэмт хэрэгт 351, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт 237 хүүхэд хохирчээ.

Мөн сүүлийн үед цахим залилангийн хэрэг нэмэгдэж байна. Залилах гэмт хэрэгт 102 хүүхэд хохирсныг тогтоосон.

Сүүлийн таван жилийн дунджаар нь авч үзвэл:

  • 2020 онд - 1,101
  • 2021 - 1,322
  • 2022 - 1,967
  • 2023 - 2,167
  • 2024 оны 10 сарын байдлаар - 2,413 хохирогч байна.

Харин сүүлийн үед эрх бүхий байгууллагаас "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" гэх мэт нөлөөллийн аян зохион байгуулснаар гэмт хэрэгт холбогдож буй хүүхдийн тоо буурсан үзүүлэлттэй байна. 2022-2023 онд тус бүр 1,258 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бол энэ жилийн 10 сарын байдлаар 897 холбогджээ.

Цаашид эцэг эхчүүдэд хандсан нөлөөллийн аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна" гэсэн юм.