ОХУ-ын Курск мужаас Украины цэргийг хөөж гаргах зорилгоор Умард Солонгосын 11,000 цэрэг ирээд байгааг Киевийн албаныхан мэдээлж байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Өмнөд Солонгос дахь Украины элчин сайд Дмитро Пономаренко хэвлэлд ярихдаа Умард Солонгосын нийт 15,000 цэрэг хоёроос гурван сар тутамд ээлжээр солигдон тулалдаж магадгүй байгааг мэдээлжээ.
Өөрөөр хэлбэл Пёняны дэглэм нэг жилийн дотор 100,000 орчим цэргээ ОХУ-д илгээнэ гэсэн үг юм.
Өмнөд Солонгосын тагнуулын алба Оросын нутагт очсон Умард Солонгосын цэрэг нэг бүр сарын $2,000-ын цалин авах гэрээ байгуулсан байх магадлалтайг мэдээлжээ.
Энэ нь тус улсын жирийн иргэдийн хувьд асар том боломж юм. Умард Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүс жирийн ажилчин, цэргийн сарын цалин $1 хүрэхгүй хэмжээтэй байдгийг хэвлэлд ярьж байжээ.
Гэхдээ судлаачид энэ мөнгө цэргүүдийн гар дээр ирэх магадлал маш бага гэж үзэж байна.
“Оросын төлөх мөнгө шууд намын дансанд шилжиж, дараа нь Кимийн гэр бүлд зарцуулагдах байх гэж би бодож байна” гэж RAND стратегийн судалгааны хүрээлэнгийн Умард Солонгосын мэргэжилтэн Брюс Беннет ярьжээ.
Тэрбээр Пёняны дэглэмийн зохион байгуулалтын талаар мэдлэг, өмнө нь илэрч байсан баримтууд дээр түшиглэн ийм дүгнэлт гаргаснаа тайлбарласан байна.
Умард Солонгос хилийн чанадад ажилладаг иргэдийнхээ орлогыг хураадаг тухай мэдээлэл өмнө нь олон удаа хэвлэлд нийтлэгдэж байсан.
“Цэргүүд цалингийнхаа маш бага хэсгийг, эсвэл бүр огт авахгүй ч байх магадлалтай” гэж Беннет хэлсэн юм.
“Олон цэргүүд амь насаа алдаж, цалингаа авах боломжгүй болох бас нэг шалтгаан байна. Энэ тохиолдолд Ким Жон Ун ар гэрийнхэнд нь багахан хувь хүртээх магадлалтай” гэж тэр бас тайлбарлажээ.
ОХУ-ын засгийн газрын төлөх мөнгө Ким Жон Уны дэглэмд чухал ач холбогдолтой юм.
Учир нь тэр тансаг бараа бүтээгдэхүүнд гар татдаггүй бөгөөд үүнийхээ зарим хэсгийг тойрон хүрээлэгчдийнхээ итгэлийг олж авахад ашигладаг гэсэн мэдээлэл бий. Гэтэл олон улсын хориг арга хэмжээнүүд, эдийн засгийн хүндрэл, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30 хувийг батлан хамгаалах үйлсэд зарцуулдаг зэрэг нь үүнд саад болж байгаа.
Энэ оны эхний найман сарын хугацаанд тус улс $52 саяын тансаг ангиллын бараа бүтээгдэхүүн импортолсон тухай баримтыг Өмнөд Солонгосын хууль тогтоогч Юн Сан Хюн өнгөрсөн сард мэдээлж байжээ.
Мөн Оросын төлбөрийн зарим хэсэг хүнс хэлбэрээр ирэх өндөр магадлалтайг Беннет хэлсэн байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!