Украины арми АНУ-ын алсын тусгалын зэвсгийг нутаг дэвсгэрт нь ашиглавал “зохистой, бодитой” хариу арга хэмжээ авахаа Оросын эрх баригчид өчигдөр анхааруулжээ.
Хэрвээ ингэвэл “АНУ болон түүний дагуулууд Оросын эсрэг байлдааны ажиллагаанд шууд оролцож буйг илтгэх болно” гэж ОХУ-ын гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Цагаан ордноос явахаасаа хоёр сарын өмнө ерөнхийлөгч Жо Байден тус улсаас Украинд нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрийн гүнд ашиглахыг зөвшөөрсөн нь АНУ-ын бодлогод гарсан том өөрчлөлт болж байна.
Тэрбээр өөрийн залгамжлагч Дональд Трамптай энэ асуудлаар зөвшилцсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Украины армид АНУ-ын 300 км-ийн тусгалтай ATACMS (Army Tactical Missile System) пуужингийн систем болон ижил тусгалын зайтай Франц, Их Британийн “Storm Shadow” пуужин бас байгаа хэдий ч холбоотнууд тэдгээрийг Оросын нутаг дэвсгэрт ашиглахыг нь хориглосоор ирсэн.
Байден энэ хоригийг цуцалсан нь өнөөдөр 1,000 дахь өдрөө үзэж буй Украины дайны хувьд чухал шийдвэр болж байна.
Оросын арми 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины газар нутагт өргөн хүрээгээр халдан довтолж эхэлсэн юм.
Одоогоор талуудын тулаан мухардмал байдалд хүрээд буйн нэг илрэл нь саяхнаас Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд өгөх агаарын цохилтоо эрчимжүүлээд байна.
Украины дайнд Умард Солонгосын цэрэг оролцож эхэлсэн нь Вашингтоныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэсэн мэдээлэл бий.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский зэвсэг хэрэглэх зөвшөөрлийн талаар Ням гарагт ярихдаа “пуужингууд өөрсдөө ярьж эхлэх байх” гэхээс илүү зүйл хэлээгүй юм.
Байдены шийдвэрийг Их Британи, Франц улсууд мөн дагаж, ижил төстэй зөвшөөрлийг Украины талд өгч болзошгүй байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин одоогоор Байдены сүүлийн шийдвэрийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.
Даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч “гал дээр тос нэмж буй” АНУ-ыг шүүмжилжээ.
Харин АНУ-ын үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Жон Финер хэлэхдээ Умард Солонгосын цэргийг дайнд оролцуулсан, Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд довтолж эхэлсэн хоёр үйлдэл нь Вашингтонд хариу арга хэмжээ авах тодорхой нөхцөл бүрдүүлж буйг мэдэгдсэн юм.
Өчигдөр буюу Даваа гарагт Оросын тал Одесс хотод агаараас довтолсны улмаас 10 хүн амиа алдаж, 50 орчим хүн шархдаад байна.
Байдены шийдвэрийн талаар Дональд Трамп одоогоор ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа.
Арваннэгдүгээр сарын 5-ны сонгуульд ялалт байгуулсан тэрбээр нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордонд эргэж ирэх юм.
Трамп хилийн чанад дахь дайн мөргөлдөөнүүдэд АНУ-ын оролцоог хязгаарлаж, татвар төлөгчдийн мөнгийг Америкчуудын амьдрал ахуйг дээшлүүлэхэд түлхүү зарцуулахаа амлаж байв.
Тэр бас Украины дайныг 24 цагийн дотор зогсоож чадахаа мэдэгдэж байсан ч яг ямар аргаар гэдэг нь тодорхойгүй байгаа.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!