Ажиллах хүчний хомсдолд орсон Өмнөд Солонгосын эрх баригчид эдийн засгийн олон салбарт гадаадаас ажилчин авах боломжийг судалж байна.
Хамгийн сүүлд автобусны жолоочийг гадаадаас авах боломжийг судалж эхэлснээ засгийн газрын эх сурвалж Даваа гарагт мэдээлжээ.
Сөүл хотын захиргаа E-9 төрлийн ажлын визийн хамрах хүрээнд автобусны жолоочийг нэмж оруулах хүсэлтийг өнгөрсөн сард ирүүлснийг судалж байгаагаа Ажил Эрхлэлт, Хөдөлмөрийн яам өчигдөр мэдээлсэн байна.
“Ажиллах хүчний хомсдолтой байгаа энэ үед гадаадаас ажилчин авах шаардлагатай олон салбарын зөвхөн нэг нь нийтийн тээвэр юм. Олон сарын турш бид засгийн газраас визийн хамрах хүрээг өргөжүүлж өгөхийг хүсэж байгаа. Бид бас ахмад настны асаргаа зэрэг бусад олон салбарт энэ чиглэлээр ажиллаж байна” гэж Сөүлийн албаны эх сурвалж ярьжээ.
Ажиллах хүч хомсдолтой байгаа нийтийн тээврийн салбар нь хот хоорондын автобус юм байна. Энэ салбарт ажиллаж байсан жолооч нар илүү өндөр цалинтай, хот доторх тээврийн салбарт шилждэг нь хомсдол үүсэх шалтгаан болдог гэнэ.
Сөүл хотын захиргаа бас Филиппин улсаас асрагч импортлох зургаан сарын туршилтын хөтөлбөрийг одоо хэрэгжүүлж байгаа нь 2025 оны хоёрдугаар сард өндөрлөх юм.
Туршилтын хугацаа дууссаны дараа уг хөтөлбөрийг үндэсний хэмжээний болгон өргөжүүлж, одоогийн 100 ажилтныг 1,200 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Бас ажиллах хүч авах улс орны тоог нэмэгдүүлж, Индонез, Шри Ланка, Вьетнам улсуудаас авах боломжийг судалж эхэлсэн байна.
Одоогийн E-9 төрлийн мэргэжлийн бус ажлын виз нь аж үйлдвэр, загас агнуур, хөдөө аж ахуй, үйлчилгээний зарим салбарыг хамардаг.
Сөүл хотын эрх баригчид уг визийн хамрах хүрээнд автобусны жолоочийг оруулах хүсэлтийг засгийн газартаа тавьжээ.
Бас одоогийн гурван жилийн хугацааг нь таван жил болгох хүсэлт гаргасан байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!