Уншиж байна ...

Багийн ахлагчийнхаа талаар таагүй "хошигнол" хэлсэн Родриго Бентанкур долоон тоглолтод оролцох эрхээ хасуулав

Э.Тэмүүлэн, iKon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Английн Хөлбөмбөгийн Холбоо (FA)-ноос "Тоттенхэм"-ийн хагас хамгаалагч Родриго Бентанкурыг долоон тоглолтод оролцох эрхийг нь хаслаа.

Түүнийг өнгөрсөн зургаадугаар сард Уругвайн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр багийн ахлагч БНСУ-ын Сон Хын Миний талаар арьс өнгөөр ялгаварласан таагүй хошигнол хэлсэнд нь шийтгэл оноожээ.

Үүгээр ч зогсохгүй 100,000 фунтээр торгож, арьс өнгөөр ялгаварлахгүй байх сургалтад суулгахаар болжээ.

Р.Бентанкур өнгөрсөн зун нутгийнхаа телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хөтлөгчийн Сон Хын Миний өмсгөлийг авч болох эсэх асуултад "Чи түүний үеэлийнх нь өмсгөлийг авах уу? Учир нь тэд бүгд ижил харагддаг" гэж хошигносон нь шийтгүүлэх үндэслэл болжээ.

Нэвтрүүлэг цацагдсаны дараа уругвай эр сошиал хаягаараа дамжуулан Сон болон олон нийтээс уучлалт гуйж, "Тааруу хошигнол байлаа" гэсэн юм.

Сон Хын Мин ч багийнхаа тоглогчийг өмөөрч, тэдний хооронд янз бүрийн зүйл болоогүй гэж мэдэгдсэн ч холбооны дүрэмд заасны дагуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ.

Холбооны E3 дүрэмд заасны дагуу тоглогчид хэн нэгний талаар хэвлэлд ярихдаа арьс өнгөөр ялгаварлахгүй байхыг хатуу анхааруулсан байдаг. Ингэсэн тохиолдолд хүндрүүлсэн нөхцөлөөр хэлэлцэх журамтай.

Ингэснээр Р.Бентанкур

  • Энэ Бямба гарагт Манчестер Сити
  • XII.1-нд Фүлхэм
  • XII.5-нд Борнмут
  • XII.8-нд Челси
  • XII.15-нд Саутхэмптон
  • XII.19-нд Манчестер Юнайтед
  • XII.22-нд Ливерпулийн эсрэг хийх тоглолтыг өнжих юм.

Түүний шийтгэл зөвхөн дотоодын лигт хамаарна. Харин Европа лигийн хүрээнд Рома болон Рэйнжерстэй хийх тоглолтод оролцох боломжтой. Мөн Уругвайн шигшээ багийн хамтаар Бразилын эсрэг тоглолтод оролцож болно.

Сонирхуулахад 2011 онд Жон Терри (4), Луис Суарес (4) нар арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварласан хэргээр тоглолтод оролцох эрхээ хасуулж байсан бол 2019 онд Фернандо Форестиери (6), 2020 онд Кико Касилья (8) нар шийтгүүлж байв. 

Хамгийн сүүлд 2023 онд "Краулэй"-гийн дасгалжуулагч асан Жон Йемс тамирчдаа арьс өнгөөр ялгаварласан нь тогтоогдсоноор 17 сар эрхээ хасуулсан ч давж заалдсан. Үүний дараа холбооноос гурван жилээр эрхийг нь хассан юм.

 

Эх сурвалж: BBC