Уншиж байна ...

Nvidia компанийн дараагийн өсөлтийг авчрах шинэ бүтээгдэхүүнд “халалтын асуудал” тулгарсан бололтой

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Nvidia компани хиймэл оюуны технологийн хөдөлгөх хүч болсон шинэ бүтээгдэхүүнээ ирэх сард худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Blackwell нэртэй уг график процессор нь B100, B200, GB200 хувилбаруудтай гарах ба өмнөх ижил бүтээгдэхүүнээсээ хоёр дахин өндөр хурдтай гэгдэж байна.

Тиймээс Blackwell-ийн эрэлт маш өндөр байгаа бөгөөд Nvidia компанийн хувьд дараагийн өсөлтийг авчрах “iPhone moment” болно гэж судлаачид үздэг.

Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өнгөрсөн сард CNBC сувагт ярихдаа “Blackwell-ийн эрэлт галзуу өндөр байгаа” гэж хэлсэн бол сүүлд 12 сарын захиалга нь дууссаныг мэдээлж байжээ.

Гэвч удаан хүлээгдэж буй бүтээгдэхүүний зах зээлд гарах хугацаа хойшилж магадгүй тухай мэдээлэл саяхан тарсан байна.

Тухайлбал Nvidia компани Blackwell чипийн хэт халалтын улмаас серверийн зогсуур (rack) нийлүүлэгчдэдээ зогсуурын загвар хийцийг өөрчлөх хүсэлт тавьсан тухай зарим хэвлэл мэдээлжээ.

Үүнээс өмнө дизайны алдааны улмаас Nvidia компани Blackwell бүтээгдэхүүнийхээ зах зээлд нийлүүлэх хугацааг гурван сараар хойшлуулж байсан юм.

Тэгвэл “халалтын асуудал” энэ хугацааг дахин хойшлуулж магадгүй гэсэн айдас үүсгээд байна.

Blackwell чипийн анхны хэрэглэгч болох гэж байгаагаа Японы Softbank компани өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Тус компани ирэх оны эхээр Японы хамгийн хүчирхэг супер компьютерыг ашиглалтад оруулахаар яарч байгаа.

Softbank-аас гадна Amazon, Meta, Microsoft зэрэг технологийн аварга компаниуд Nividia-ийн хэрэглэгчид юм.

Nvidia компанийн хувьцааны ханш энэ оны эхнээс 195 хувиар өссөн бөгөөд энэ сарын эхээр Apple-ийг гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж байв.

 

Эх сурвалж: Tech Insider