Уншиж байна ...
Зураг
Зураг

АНУ-ын зэвсэгт хүчнийг хууль бус цагаачдыг бөөнөөр албадан гаргахад дайчлах төлөвлөгөөтэй байгаагаа Трамп мэдэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп сонгуулийн үеэр амлаж байсан цагаачлалын хатуу бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дахин батлан илэрхийлжээ.

Хилийн харуул хамгаалалтад үндэсний хэмжээний онц байдал зарлах, АНУ-ын зэвсэгт хүчнийг хууль бус цагаачдыг бөөнөөр албадан гаргах ажиллагаанд дайчлахаа Трамп өчигдөр сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Тэрбээр Мексикийн хилээр нэвтэрсэн хууль бус цагаачдын тоо сүүлийн жилүүдэд түүхэн дээд хэмжээндээ хүрснийг одоогийн ерөнхийлөгч Жо Байдены буруу бодлоготой холбоотой хэмээн шүүмжилж байгаа.

Трамп өөрийн засаг захиргааны бүрэлдэхүүнд цагаачлалын асуудлаар хатуу байр суурьтай улс төрчдийг оруулж байна.

Тухайлбал тэр Цагаачлал, Гаалийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч асан Том Хоманд хилийн асуудлыг хариуцуулахаар төлөвлөжээ.

Долдугаар сард болсон Бүгд Найрамдах намын үндэсний чуулганд үг хэлэхдээ Хоман “Жо Байдены манай оронд оруулж ирсэн олон сая хууль бус цагаачдад хэлэх үг надад байна. Та ачаагаа бэлдэж эхэлсэн нь дээр шүү” гэж байсан юм.

АНУ-д одоо 11 сая хууль бус цагаач амьдардаг гэсэн албаны тоо баримт бий.

Тиймээс Трампын төлөвлөсөн албадан гаргах ажиллагаа 20 сая орчим гэр бүлийн аж амьдралд шууд нөлөөлөхөөр байна.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп хууль бус цагаачдыг хэл амаар байнга дайрч давшилж, АНУ-ын “цусыг хордуулагч” гэх мэт үг доромжилсон үг хэллэг хэрэглэж байв.

Тэр бас сонгогчдодоо цагаачлалын талаар худал статистик тоо баримт байнга өгч байсан юм.

Трамп төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа.

Гэхдээ сонгуулийн үеэр цагаачдыг албадан гаргах үйл явцыг хурдасгахын тулд 1798 оны “Alien Enemies Act” хуулийг ашиглахаа дахин дахин амлаж байлаа.

Трампыг шүүмжлэгчид энэ хуулийг хэтэрхий хуучирсан, одоогийн нөхцөлд тохирохгүй гэж үзэж байна.

Энэ хуулийг хамгийн сүүлд Дэлхийн Хоёрдугаар дайны үед япон гаралтай америкчуудыг бөөнд нь тусгаарлан хориход ашиглаж байжээ.

2023 оны арванхоёрдугаар сард Мексикээс ирээд хил хамгаалагчдад баригдсан хууль бус цагаачдын тоо 250,000 хүрсэн нь түүхэн дээд хэмжээ байсан юм.

Харин өнөөдөр энэ тоо 2020 оны буюу Трампын өмнөх засаг захиргааны сүүлийн нэг жилийн түвшинд хүрч буураад байна.

 

Эх сурвалж: AFP