Дэлхийн жорлонгийн өдрийг (2024.11.19) тохиолдуулан “Монголын жорлонгийн ууган” холбоо ТББ-аас хэвлэлийн хурал зохион байгууллаа.
ЖОРЛОН бол эрүүл амьдралын эхлэл юм сэдвээр Усны газрын дарга З.Батбаяр дараах мэдээллийг хүргэсэн юм.
Улаанбаатар хот 680,000 нүхэн жорлонтой, 17,000 худагтай, Нэг худгийг тойроод 40 жорлон байхад Та цэвэр ус уух боломжтой юу?
Хүний амар амгалан байх орчин бол жорлон юм.
Энэ бол монголчууд бидний бодох асуудал гэдгийг тэрбээр хэлж байлаа.
Үргэлжлүүлэн "Хүн амьд явахын тулд хамгийн түрүүнд бодисын солилцоо хийх ёстой.
Ингэхдээ идэх хоол, уух ус, цай унд зэрэг орох асуудлаа л ярьдаг. Тэгвэл гаргах асуудал нь ямар шатанд хэрхэн яаж явагдаж байна вэ?
Энэ жил наймдугаар сард Усны газраас Улаанбаатар хотын гадаргын усанд орохыг хориглосон. Өөрөөр хэлбэл Туул, Сэлбэ голд сэлэхгүй байхыг зөвлөмж болгосон байдаг. Үндсэн шалтгаан нь ердөө жорлонтой холбоотой.
Бидний уух устай жорлон ямар холбоо хамааралтай юм бэ гэж бодож магадгүй. Гэтэл хөрс бохирдсоноос шалтгаалан голууд бохирдож байна. Улмаар гүний усанд нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл байдал үүссэн.
Энэ цикл бүгдэд ойлгомжтой байх. Таны бие махбод эрүүл, үр хүүхэд тань өвдөхгүй байх уу, үгүй юу гэдэг нь жорлонгоос шууд хамаарна.
Улаанбаатар хотод 1.5 сая хүн байгаа. Хүн амаа 680,000 жорлондоо хуваах юм бол хоёр хүн тутамд нэг жорлон ногдож байна.
Бүх жорлонг жигд тараагаад тавих юм бол Сүхбаатарын талбай 4-6 нүхэн жорлонтой тэнцэнэ. Ийм байхад бүх юм хэвийн мэт сууж болох уу.
Энэ жилийн хувьд хүний амар амгалан байх орчин бол жорлон юм гэж тодорхойлсон" гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр ярилаа.
Мөн тэрбээр дараах тоон мэдээллийг танилцуулсан юм.
Өчигдөр нэг харамсалтай тоон мэдээлэл авлаа.
2024 оны аравдугаар сарын байдлаар 70-аас дээш настай 475 хүн гэмтэж, ясаа хугалсан байна.
Ахмад настай эдгээр хүний 70 орчим хувь нь гэрийн нөхцөлд буюу нүхэн жорлон руугаа алхаж явахдаа унаж хөлөө хугалжээ.
70-аас дээш настай ахмадууд маань жорлондоо орж чадахгүй. 7-оос доош настай багачууд маань уначих гээд жорлондоо сууж чадахгүй. Бодит нөхцөл ийм байна.
Усаа хамгаалахын тулд, үр хүүхдүүдээ хамгаалахын тулд, ахмадуудаа хамгаалахын тулд нүхэн жорлонгийн асуудлаа өөрсдөөсөө эхлээд өөрчилье.
Яагаад жилд хамгийн багадаа 7, 8 хоног ханиад хүрч, яагаад нэг удаа ханиад хүрэхдээ 20,000-50,000 төгрөг зарцуулдгаа бодоорой.
Цалингийн тань 10-аас доошгүй хувь нь жорлонгийн бохирдлоос болсон өвчнөө анагаахын тулд эм худалдаж авч байгаа шүү гэдгээ тооцоол.
Жорлон бол таны амьдрал, эрүүл мэнд болон ХАЛААС-тай чинь шууд холбоотой. Уух усаа цэвэр байлгахын тулд жорлондоо анхааръя. Хамгийн тухтай, хэнээс ч юугаа ч нуухгүй байх орчин бол жорлон буюу бие засах газар.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!