Уншиж байна ...

Б.Гантулга: Явган хүний замыг эвдэлсэн жолоочийг олж тогтоон 300 мянган төгрөгөөр торгосон

Д.Янжиндулам, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ногооннуурын гудамжинд буюу шинэ зам дагуух явган хүний зам талбайг эвдэж сүйтгэсэн жолоочийг олж тогтоон торгожээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Гантулга "Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногооннуурын гудамж буюу бидний хэлж заншсанаар шинэ зам дагуух явган хүний зам талбайг эвдэлж, сүйтгэсэн гэх иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явууллаа.

Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс буруутай гэх жолоочийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эвдрэлийг нөхөн сэргээлгэхээр шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэд, жолооч нар нийтийн эзэмшлийн зам талбайд зогсох зогсоолын дүрэм зөрчихгүй байхыг уриалъя. 

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсох, нийтийн эзэмшлийн зам, талбайд автомашинаа байршуулах зэрэгт зөвхөн цагдаагийн албан хаагч биетээр болон хяналтын камераар биш иргэд “E-Police” аппликэйшнээр дамжуулан зөрчлийг мэдээлэх боломжтой болсон" гэж мэдээллээ.

Нийслэл хотод авто замын нэгдүгээр эгнээнд зогсох, нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дээр зогсох зөрчил их болж байгаа. Эдгээр зөрчилд хуулийн дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгууль ногдуулдаг гэж тэрбээр сануулав.