“Монголын жорлонгийн ууган” холбоо ТББ-аас дэлхийн жорлонгийн өдрийг тохиолдуулан "ЖОРЛОН бол ЭРҮҮЛ амьдралын эхлэл юм" сэдвээр мэдээлэл хийлээ.
Тус холбооны тэргүүн Д.Балсандорж хэлэхдээ "2023 оны Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээгээр 3.6 тэрбум хүн нүхэн жорлонгийн асуудлаа шийдэж чадаагүй байна.
Монголын тухайд 910,000 өрх 780,000 гаруй нүхэн жорлон ашиглаж байна гэсэн тооцоо судалгаа бий.
Өнгөрсөн жил дэлхийн жорлонгийн өдрийг Бээжинд тэмдэглэсэн.
Хятад улс жорлонгийн хувьсгалыг маш амжилттай хийж байгаа. Тэрбум гаруй хүний ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдсэн. Мөн адил Энэтхэг, Пакистан, Индонез улс ч жорлонгийн асуудлаа шийдэж чаджээ.
Нүхэн жорлонг шийдэхгүй бол хөрс, ус бохирдохоос гадна эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжоо алдах эрсдэлтэй" гэлээ.
Мөн тэрбээр "Хүний ялгадас өдөрт 200-400 грамм гардаг гэж үздэг. Энэ ялгадас дотор 200 их наяд вирус эс, 20 тэрбум шигелла бактери, 100,000 шимэгч хорхойн өндөг бий гэх судлаачдын тооцоо бий.
Монгол Улсын хэмжээнд 333,560 ариун цэврийн шаардлага хангасан байгууламж бий. Харин 420,000 гаруй шаардлага хангаагүй байгууламж байна.
Гэр хороололд утаа, угаараас гадна нүхэн жорлон, ус хөрсний бохирдлын асуудал тулгарч байна.
Нүхэн жорлон нь 10-12 метрийн радиуст бохирдлоо цацдаг. Тиймээс гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэн хөрсний ус, цааш гүний ус бохирдох эрсдэл өндөр.
Хөдөө орон нутагт аймгийн төвийн айлуудын 80 хувь нь нүхэн жорлонтойгоо байх жишээтэй.
Нүхэн жорлон төгс шийдэл сайт руу уншигч та бүхэн ороод үзээрэй. Энд бүхэнд шийдэл, технологийг нь гаргасан.
Энэ онд дэлхийн хүний хөгжлийн хөтөлбөр гарчээ.
Монгол Улс боловсрол болон бусад үзүүлэлтээрээ 96-т жагсаж байна. Харин ариун цэврийн байгууламжаараа 194 дүгээрт сүүлд оржээ. Энэ бол харамсалтай мэдээ.
Бид өөрсдийгөө Чингисийн удам гэж сагсуурдаг ч ариун цэврийн байгууламжаараа сүүл мушгиж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!