Уншиж байна ...
Зураг
Зураг

"Улаанбаатар хотыг дээрээс нь харвал битүү шавсан нүхэн жорлон дунд амьдарч байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монголын жорлонгийн ууган” холбоо ТББ-аас дэлхийн жорлонгийн өдрийг тохиолдуулан "Жорлон бол эрүүл амьдралын эхлэл" сэдвээр мэдээлэл хийлээ. 

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн захирал С.Өнөрсайхан "Монгол Улсын 15-69 насны хүн амын 96 хувь нь аливаа халдварт бус өвчний эрсдэлтэй амьдарч байна.

Энэ нь хавдар, чихрийн шижин, зүрх судас, уушги, амьсгалын тогтолцооны өвчлөлтэй холбоотой.

Дээр дурдсан өвчлөлд жорлонгийн асуудал шууд хамаарахгүй ч гэсэн эрсдэлийг бий болгож байна. Аюулгүй ариун цэврийн байгууламжтай болсноор жил бүр 842,000 орчим хүнийг нас барахаас сэргийлж болно.

Гэдэсний халдвараар өвдсөн хойно, хүүхдүүдээ ямар нэгэн эмгэгтэй болсны ард, иргэдийг халдварт өвчнөөр өвчлүүлсний дараа асуудлыг ярих бус урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Манайхан ялгадсаа хаана ч гаргасан яадаг юм бэ гэж бодож болохгүй.

Аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх нь хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах ач холбогдолтой" гэдгийг хэллээ. 

Мөн "Ил задгай бие засах асуудлыг хумих зорилгоор жорлонг сайжруулах аяныг энэ жил өрнүүллээ.

100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа 17 аймгийн 102 суманд албан бичиг хүргүүлэхэд Дорнод, Увс, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор зэрэг ойн баяраа тэмдэглэсэн есөн аймгийн 61 сум болон Дархан-Уул аймаг, орон нутгийн нөхцөл боломжид тохируулан өөр өөрийн аргаар жорлонгийн асуудлаа шийдвэрлэж болдог юм байна гэдгээ харуулсан.

Улаанбаатар хотыг дээрээс нь масштабын зургаас харвал битүү шавсан нүхэн жорлон дунд амьдарч байгаа.

Энэ бүхэн эргээд өөрийн болон өрөөлийн эрүүл мэнд, хөрсний бохирдолд нөлөөлж байгааг sudalgaa.mn сайтаар орж харвал үр дүн илэрхий бий" хэмээн хэллээ.