Уншиж байна ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-аас баталсан Монгол Улсын 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Н.Эрхбаяр, iKon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьж буй тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Ирэх оны төсөвт хориг тавьсан тухай ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас баталсан Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна.

УИХ энэ сарын 8-ны өдрийн хуралдаанаар улсын төсвийн тухай хуулийг баталж, энэ сарын 18-ны өдөр ёсчилсон. Ийнхүү баталсан өдрөөсөө 11 хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 19-ний 09:27 цагт Ерөнхийлөгчийн тамгын газарт ирүүлсэн" гэв. 

Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар тус хоригийг уншиж танилцуулав. Тэрбээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавилаа.

Нэгт алдагдалгүй төсөв батлах. Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй.

Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэв.

Хоёрт хууль дээдлэх зарчимд нийцүүлэх. Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Улсын Их Хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ.

Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тус хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал, санал хураалтын зарчмаар шийдэгдэнэ. Ерөнхийлөгч улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж байгаа нь Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг дэмжиж, болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлж, засаж залруулж буй хэрэг хэмээн ойлгох хэрэгтэй.

Учир нь энэ төсвийг засаж сайжруулах шаардлагатай гэдгээ УИХ 41 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Арванхоёрдугаар сард тодотгол хийх чиглэлийг тус тогтоолд өгч, төсвийг хэмнэлттэй болгож, макро эдийн засагт үзүүлэх нөхцөлийг тооцохыг тусгасан. Төсөвт өргөн барихаас хойших болсон нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн" хэмээн ерөнхийлөгчийн шийдвэрийг танилцуулав.

Тус хоригийн албан бичгийг өнөөдөр 10:45 цагт УИХ-ын Тамгын газрын ажлын албанд хүргүүлсэн байна.