Тэгш Тусгал ТББ-ын хэрэгжүүлж буй Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төсөл нь Монгол улсад урьд өмнө хийгдэж байгаагүй монгол дохионы хэлний томоохон судалгааг 21 аймгийн сонсголгүй иргэдийн нийгмийн бүлгийг оролцуулан амжилттай хийжээ. Энэхүү судалгааны үр дүнд Монголын анхны “Монгол дохионы хэлний цахим толь бичиг” бүтээгдсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаа 11-р сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад Харилцааны Яам болон Финландын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр 2021-2024 онд хэрэгжсэн уг төслийн он жилүүдэд хийгдсэн ажил бол Монгол дохионы хэлийг хэл шинжлэл талаас судлах судалгааны ажил байсан юм.
Монгол дохионы хэлийг хэрэглэж буй сонсголгүй хүмүүсийн дохионы хэлийг баримтжуулж, дүрс бичлэг хийх зорилгоор төслийн судалгааны ажилчид 2 баг болон 2021-2022 онд нийт 24,442 км замыг агаарын болон нийтийн тээврээр туулж 21 аймагт очиж судалгааны өгөгдлийг цуглуулсан бол 2023-2024 онд цахимаар энэ судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
Энэхүү судалгаанд хамрагдсан 18-аас дээш насны нийт 90 сонсголгүй иргэд нь Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн төлөөлөл бөгөөд тэдний 50 нь эрэгтэй, 40 нь эмэгтэй байсан бол 77 хүн сонсголгүй, 13 хүн сул сонсголтой иргэд байв.
Уг төслийн судалгааны 4 ажилтанд дохионы хэлний судалгааны ажлын аргачлал, арга зүйг Финланд улсын дохионы хэлний мэргэжилтэн ахлах зөвлөх Артту, түүний удирдлага дор Нина, Хенна нарын дохионы хэлний зөвлөхүүд цахимаар болон монгол улсад биечлэн ирж зааварлан хамтран ажилласан юм.
Энэхүү Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн хөгжлийн гол зорилго нь сонсголгүй иргэдийн бүлэг эрх мэдэлжих, хэл ба соёлын адилсал бэхжих бөгөөд уг зорилгынхоо хүрээнд хийсэн ажлын гол үр дүнд нь Монгол дохионы хэлний цахим толь бичиг болон сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх гэсэн томоохон үр дүнтэй ажил болж буйгаараа онцлог юм. Монгол улсын сонсголгүй иргэдийн нийгмийн бүлэг эрх мэдэлжиж, тэдний хэл ба соёлын адилсал бэхжих төдийгүй, сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагууд хэлний эрхээ шаардахад чадавхажлаа.
Монгол дохионы хэлний цахим толь бичиг нь Монголын сонсголгүй иргэдийн хэлний боловсрол, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Монголын сонсголгүй иргэдийн хэлний эрхийг хамгаалах, тэдний соёл, хэлний адилслыг бэхжүүлэхэд томоохон ач холбогдол болсон төдийгүй монгол дохионы хэлний хуулийн суурь судалгаа болох ач холбогдолтой юм.
Толь бичиг нь хэрэглэгчдэд хялбар, хурдан ойлгомжтой байдлаар танилцуулагдсан, Монгол дохионы хэл суралцахад туслах онлайн платформ болжээ. Уг толь бичиг нь Монгол дохионы хэлний мэргэжилтнүүд, багш нар, судлаачид, сонсголгүй иргэдийн бүлгүүд болон хэлмэрчид, төдийгүй олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй юм.
Ийнхүү Монгол Улсад шинэ бүтээл төрж, технологийн шинэчлэл ахин нэгээр нэмэгдэн, нийгэмд тэгш оролцоог уриалсан, дохионы хэлний хэрэгцээг дэмжсэн, сонсголгүй иргэдийн ахуй соёлын адилсал (identity)-г дэмжих чиглэлд чухал үйл явдал тохиолоо. Сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавх бэхжиж, Монгол дохионы хэлний хуулийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон томоохон үр дүнд хүрсэн төсөл боллоо.
Гаднын хөрөнгө оруулалттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг эх орондоо нутагшуулах, цаашид улам өргөн дэлгэр ашиглах нь монгол улсын иргэд, төр засгийн үүрэг юм. Тухайлбал, монгол улсад монгол дохионы хэл шинжлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд их дээд сургуулийн оролцоо дэмжлэг их байгаа юм. Уг шинжилгээ судалгаанд үндэслэн монгол дохионы хэлийг заах арга зүй, монгол дохионы хэлний багш, судлаачид, хэлмэрчдийг бэлтгэхэд ихээхэн ач холбогдолтойг холбогдох төрийн байгууллагын удирдлага анхаарууштай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!