Тегераны нэг их сургуулийн гадаа уламжлалт хувцас өмсгөлийг эсэргүүцэн нүцгэлсэн эмэгтэйг ямар нэг шийтгэлгүй суллан явуулснаа Ираны эрх баригчид мэдээлжээ.
Энэ сарын эхээр их сургуулийн орчим дотуур хувцастайгаа алхаж яваа эмэгтэйг цагдаа нар баривчилж буйг харуулсан дүрс бичлэг сошиал орчинд тарсан юм.
Түүнийг олон нийтийн газар толгойгоо алчуураар ороож явах цагдаа нарын шаардлагыг эсэргүүцсэн гэж үзэж байв.
Эмнести Интернэйшнл зэрэг хүний эрхийн байгууллагууд уг эмэгтэйг нэн даруй суллахыг Ираны эрх баригчдад уриалж байлаа.
Тэгвэл тухайн эмэгтэйг эмнэлэгт эмчилсний дараа гэрт нь буцаасныг Ираны хуулийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.
“Түүнийг эмнэлэгт хүргэхэд өвчтэй нь тогтоогдсон тул ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. Ямар нэг хэрэг үүсгээгүй” гэж шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Асгар Жахангир өчигдөр мэдээлсэн юм.
Гэхдээ Ираны эрх баригчид шашны уламжлалт өмсгөлийг эсэргүүцсэн эмэгтэйг “өвчтэй” гэж тодорхойлсон анхны тохиолдол энэ биш.
2018 онд Иранаас Канадад дүрвэж ирсэн нэг эмэгтэй өөрийг нь “сэтгэцийн өвчтэй” гэж зарлуулахаар ар гэрийнхнийг нь дарамталсан талаар ярьж байжээ.
“Манай гэрийнхэн дарамт шахалтад орсон ч үүнийг нь зөвшөөрөөгүй. Исламын Бүгд Найрамдах Иран Улс эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзээ төрүүлэх замаар нэр хүндэд нь халддаг ийм аргатай” гэж толгойн өмсгөлийг эсэргүүцээд гурван жилийн хорих ял сонссоныхоо дараа Канадад дүрвэж ирсэн Азам Жанграви ярьсан юм.
1979 онд гарсан Исламын хувьсгалын дараа Иранд эмэгтэйчүүд толгойгоо алчуураар (хижаб гэдэг) ороож, даруу хувцаслах ёстой болсон.
Хоёр жилийн өмнө курд эмэгтэй Махса Амини хижаб зүүлгүй олон нийтийн газарт явсан хэргээр цагдаад саатуулагдаад байхдаа учир битүүлэг байдлаар амиа алдсан юм. Энэ хэргийн дараа Иран даяар эсэргүүцлийн жагсаал тэмцэл олон сарын турш үргэлжилж, 500 гаруй хүн хууль сахиулагчдын гарт алагдаж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!