Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах орон сууцнуудын орц гарцыг хааж, 24 дүгээр цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг алдагдуулсан, дулааны шугамыг эвдэж барилгын ажил явуулж буй зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд дахин шалгалт хийжээ.
Энэ талаар Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын дүүргүүдэд зөвшөөрөлгүй авто зам, явган хүний замыг сэтэлсэн газруудад хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлүүдийг арилгуулж байна.
Жишээлбэл бидний ажиллаж буй энэ байршилд хүүхдүүдийг цэцэрлэг рүү орох зарим орц, гарцыг хаасан. Чөлөөтэй зорчиход хүндрэлтэй байна. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас ажлыг хариуцсан холбогдох хүмүүсийг дуудсан. Хашаагаа шинэчилж, орц гарцуудыг чөлөөлөх үүрэг даалгавар өгөөд байна. Тус компани нь барилгын үйл ажиллагааг явуулахдаа ч ажилтнуудын аюулгүй байдлыг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл орчны аюулгүй байдлыг хангаагүйгээс гадна орчмын дулааны шугам сүлжээг гэмтээсэн байна” гэлээ.
"Мөнх ариун булаг" ХХК-ийн зүгээс хяналт шалгалтын газрын албан даалгавар болон батлагдсан зураг төслийнхөө дагуу хашаа, хайс, орц, гарцын асуудлыг шийднэ гэдгийг хэлэв.
Тус компанид улсын байцаагчийн хугацаатай албан даалгаврыг өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, орчны тохижилт аюулгүй байдлыг бүрдүүлэх хүртэл барилгын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!