Уншиж байна ...
Зураг
Зураг

Монгол улс англи хэлний мэдлэгийн түвшнээр дэлхийн 116 улсаас 84 дүгээрт жагсаж, "БАГА МЭДЛЭГТЭЙ" ангилалд оржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Швейцарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын боловсролын Education First байгууллага 2011 оноос хойш жил бүр дэлхийн улс орнуудын иргэдийн англи хэлний мэдлэгийг үнэлсэн English Proficiency Index (EPI) тайланг танилцуулдаг болсон юм.

Эх хэл нь англи биш дэлхийн 116 улсын 2.1 сая хүнийг хамруулсан 2024 оны тайлангаа тус байгууллага саяхан танилцуулжээ.

Ингэхдээ 800 оноогоор англи хэлний мэдлэгийг үнэлсэн бөгөөд дэлхийн дундаж 477 оноо байсан байна.

Улс орнуудыг авсан оноогоор нь Маш өндөр, Өндөр, Дундаж, Бага, Маш бага мэдлэгтэй гэсэн таван түвшинд хуваажээ.

Ингэхэд Монгол улс дэлхийн 116 улсаас 464 оноогоор 84 дүгээрт буюу “Бага мэдлэгтэй” түвшинд эрэмбэлэгдсэн байна.

Бүс нутгаар нь авч үзвэл Азийн 23 улсаас 13 дугаарт эрэмбэлэгджээ.

Энэ жилийн 464 оноо нь өнгөрсөн оны онооноос 18-аар буурсан үзүүлэлт болсон байна.

Монгол улсын хувьд EPI тайланд 2015 оноос эхлэн орох болжээ. 2015 онд 415 оноо авч байсан бол жил бүр өссөөр 2022 онд 485 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Харин 2023 онд 482, 2024 онд 464 оноо болж, сүүлийн хоёр жил дараалан буурсан нь тааруу үр дүн болжээ.

Энэ жилийн жагсаалтыг 636 оноотой Нидерланд, 610 оноотой Норвеги, 608 оноотой Швед улсууд тэргүүлсэн байна.

Хамгийн сүүлд 394 оноотой Йемен, ижил 399 оноотой Сомали, Кот Дивуар улсууд жагсжээ.

Дэлхийн 116 улсыг англи хэлний мэдлэгийн түвшнээр жагсаасан нь:

зураг
 

 

Эх сурвалж: ef.com