Уншиж байна ...

Apple компани телевизийн зах зээлийг дахин сонирхож эхэлсэн тухай мэдээлжээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Apple компани телевизийн зах зээлд нэвтрэх боломжийг дахин судалж эхэлсэн тухай Блүүмбэрг агентлагийн шинжээч Марк Гурман саяхан мэдээлжээ.

Тус компани сүүлийн жилүүдэд гэрийн автоматжуулалт, гэрийн энтертайнмэнтийн салбарт анхаарал хандуулах болсонтой энэ нь холбоотой гэнэ.

Тухайлбал Apple одоо ухаалаг гэрийн удирдлагын төв болдог төхөөрөмж бүтээхээр ажиллаж байгаа ажээ. Энэ нь 6 инчийн дэлгэцтэй буюу бага оврын iPad шиг хэмжээтэй, хананд тогтоох эсвэл ширээн дээр байрлуулах боломжтой төхөөрөмж байх гэнэ.

Хүмүүс үүнийг ашиглан үүдэнд нь ирсэн зочинтой дүрсээ харж ярилцах, гэрийнхээ бүх төхөөрөмжүүдийг асаах, унтраах, удирдах боломжтой байх ажээ.

Хэрвээ энэ бүтээгдэхүүн амжилттай нэвтэрвэл дамжаад телевизийн зах зээлд орох боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Өөрөөр хэлбэл энэ нь телевизийг ухаалаг гэрийн удирдлагын төв болгох санаа юм.

Бүр 2010-аад оны үед Apple компанийг “iTV” төсөл хэрэгжүүлж байж магадгүй гэсэн цуурхал тарж байв.

Тус компанийг үүсгэн байгуулагч агсан Стив Жобс ч тухайн үед энэ санааг сонирхож байсан гэдэг.

Одоогоор Apple компани Apple TV box төхөөрөмж зах зээлд нийлүүлж, Apple TV+ видео стриминг үйлчилгээгээ 25 сая орчим хүнд хүргээд байгаа.

Олон жилийн өмнө Apple телевизийн зах зээлд орохоо больсон нь ашгийн хэмжээ бага, нэгж өрхийн телевизээ солих давтамж урт байсантай холбоотой гэсэн мэдээлэл байдаг.

 

Эх сурвалж: Business Insider