Цөмийн цохилтын үед үүсэх цочролын долгион, цацраг туяанаас хамгаалах чадвартай зөөврийн хоргодох байрыг Орос улс үйлдвэрлэж эхэлжээ.
Тус улсын онцгой байдлын яамны дэргэдэх судалгааны хүрээлэнд зохион бүтээсэн “КУБ-М” нэртэй уг байгууламж байгалийн болон хүний гараар үүссэн гамшгаас 48 цагийн турш хамгаалах чадвартай гэнэ.
Цөмийн цохилтоос гадна уламжлалт зэвсгийн дэлбэрэлт, сумны хэлтэрхий, барилгын нуранги, хими болон галын аюулаас хамгаалж чадахыг зохион бүтээгчид нь мэдээлжээ.
Ачааны чингэлгийг хүчитгэсэн мэт гаднаасаа харагддаг “КУБ-M” нь 54 хүний багтаамжтай өрөө болон техникийн хэсэг гэсэн хоёр модультай гэнэ.
Шаардлагатай бол модулийн тоог нэмэх боломжтой ажээ.
Зохион бүтээгчид нь үүнийгээ өнөөдрийн нөхцөл байдалтай хамаагүй гэж тайлбарлаж байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден алсын тусгалын зэвсгээ Оросын нутагт ашиглах зөвшөөрлийг Украины талд өгсөн цаг үетэй давхцаж байна.
Үүний хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ямар тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөл шаардлагаа өөрчлөх шийдвэр гаргасан.
“Зөөврийн хоргодох байр нь хүмүүсийг байгалийн гамшиг, хүний буруутай үйлдлээс үүдэлтэй осол эндэгдлээс хамгаалах олон үйлдэлтэй байгууламж юм” гэж зохион бүтээсэн хүрээлэнгээс гаргасан мэдэгдэлд дурджээ.
Шинэ бүтээлээ тэд “ард иргэдийн аюулгүй байдлыг дээшлүүлэх чухал алхам” гэж онцолсон байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!