Уншиж байна ...

Майк Тайсон - Жэйк Полын тулааны тасалбараас $18.1 саяын ашиг олжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
53 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Сошиал од Жэйк Пол, боксын домог Майк Тайсон хоёрын тулаан өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр болсон юм.

Техас мужийн Арлингтон хотод байрладаг "AT&T" ордонд болсон уг тулааныг 72,300 хүн үзэж сонирхсон. Тэгвэл тасалбараас 18.1 сая ам.долларын ашиг олсноо зохион байгуулагчид зарлажээ.

Ингэснээр Лас Вегас хотоос өөр газар болсон тулааны спортоос хамгийн их ашиг олсон тохиолдол болж байна. 

Техаст 2021 онд болсон Канело Алварес өрсөлдөгч Билли Жое Саундерсыг ялсан тулааны орлого есөн сая ам.долларт хүрч, рекорд тогтоож байсан юм.

Түүнчлэн АНУ-д болсон боксын төрлөөс хамгийн их ашиг олсон ес дэх тулаан болжээ.  

Тулааны спортоос хамгийн их ашиг олсон тохиолдол бол Мэнни Пакьёо, Флойд Мэйвейдерийн "Зууны тулаан" юм. Лас Вегаст болсон энэ тулааны тасалбарын ашиг гэхэд $72.2 саяд хүрч байв. Үүний дараа Ф.Мэйвейдер, Конор МакГрегорын тулаан $55.4 саяын ашиг олсон түүхтэй.

Сонирхуулахад "Төмөр" хочит М.Тайсоны мэргэжлийн бокст хийж буй сүүлийн бүжиг гэж хэлж болох тулааныг Netflix-ээр шууд дамжуулсан. Ингэснээр тус компани спортын шууд дамжуулалтыг нэвтрүүлж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн байна. Тус сувгаар 60 сая хэрэглэгч тулааныг шууд үзсэн баримтыг саяхан ил болгосон. 

Netflix цаашид спортын шууд дамжуулалтыг тогтмол хийж байхаар төлөвлөж байгаа юм. Тодруулбал америк хөлбөмбөгийн Зул сарын үеэр болох тоглолтыг шууд дамжуулахаар болсон билээ. Энэ тоглолтын хагас цагийн завсарлагаар нэрт дуучин Бейонсе үзүүлбэрээ толилуулах болсныг зарласан.

 

Эх сурвалж: ESPN