Уншиж байна ...

Hennessy компани Хятадад коньяк савлах боломжийг туршина

С.Мөнхцэцэг, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Францын тансаг эдлэлийн LVMH группийн харьяанд байдаг Hennessy компани Хятадын нутаг дэвсгэрт коньяк савлах туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн сард Бээжингийн эрх баригчид Европын Холбооны импортын согтууруулах ундаанд 30 гаруй хувийн татвар оноох шийдвэр гаргасан нь Hennessy компанийг ийм арга сэдэхэд хүргэсэн байна.

Энэхүү арга хэмжээний сөрөг нөлөөг бууруулах боломжит бүх хувилбарыг судалж байгаагаа Hennessy өчигдөр мэдээлжээ.

Хятадад коньяк савлах нь хувилбаруудын нэгд тооцогдож байгаа юм байна.

Туршилтын үр дүнгээс хамаарч эцсийн шийдвэр гарах гэнэ.

Хятад улс нь АНУ-ын дараа дэлхийн коньякийн хоёр дахь том зах зээлд тооцогддог. Өнгөрсөн онд тус улс $1.7 тэрбумын үнэ бүхий коньяк импортолжээ.

Hennessy компанийн шийдвэрийг эсэргүүцсэн 500 орчим ажилчин өчигдөр ажил хаяхаа мэдэгдсэн байна. Тэд Францын баруун өмнөд Коньяк мужийн нутагт оршдог савлах үйлдвэрийн ажилчид ажээ.

Чингэлгээр тээвэрлэсэн задгай коньякийг Хятадад савлах нь импортын татвараас зайлсхийх арга мөн боловч ажилчдын хувьд “гамшиг” болохыг бүс нутгийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Мишель Лабланш мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр ажил хаялт Лхагва гарагт үргэлжлэх гэнэ.

Hennessy компани эхний ээлжид 1,000 литр VSOP (Very Special Old Pale) төрлийн коньякийг Хятад руу ачуулж, тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүний чанар тогтвортой байж чадах эсэхийг турших ажээ.

 

Эх сурвалж: Reuters