Уншиж байна ...
Зураг
Зураг

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн эргэн тойронд - Эвслийн засгийн газарт хүлээлт тавих нь…

ikon.mn
2024 оны 11 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Хөрөнгийн зах зээлийн анхдагч бөгөөд хамгийн том чуулган “Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулган 2024”-ийн хүрээнд эдийн засаг, нийгмийн амьдралд хамгийн их тулгамдаж, ярианы сэдэв болж буй агуулгын хүрээнд урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлжээ.

2024 оны 11 сарын 23-ны өдөр зохион байгуулагдах уг Чуулганыг угтан нийт 5 хэлэлцүүлэг хийгдэхээс эхнийх нь ийнхүү “Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд” сэдвээр Модератор, Тэнгэр ТВ-ийн Гүйцэтгэх Захирал А.Ундрал, Оролцогчид болох Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын Сайдын Зөвлөх Д.Гантулга, СЭЗИС-ийн Ахлах багш, МНБ, ТМЗ, Татварын шинжээч Ч.Өнөржаргал, Ардын Тэтгэврийн Сан ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ц.Тайшир нар ярилцсаныг тоймлон хүргэж байна.


Модератор А.Ундрал: Шинээр бүрэлдсэн Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой олон заалтууд орсон. Сонгуульд өрсөлдсөн бүх намууд энэхүү асуудал дээр бүгд нэгэн дуугаар санал нийлээд хүлээн зөвшөөрч байсан нь тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ёстой юм байна, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ирээдүйн ахмад настнуудад олон давхаргат тогтолцоог бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлага үүссэнийг тодотгож байсан. Засгийн Газрын төлөөлөл Л.Энх-Амгалангаас яамны бодлого болон хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодруулав.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Сая бид УИХ-ын сонгуулийг үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хийж, 126 гишүүнтэй болсноор намуудын төлөөлөл бүхий Эвслийн Засгийн Газар байгуулагдаад байна. Энэ Засгийн Газрын  үлдээх өв бол Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэл гэж бодож байна. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг бид яагаад хийх болсон бэ гэдэг нөхцөл байдал дээр зөв үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Бид олон жил ярьсан. Олон удаагийн зөвлөмжүүдийг авсан байдаг. Маш олон бодлогын зөвлөмжүүдийг өгсөн байдаг ч тэдгээр зөвлөмжүүдийг харамсалтай нь бид эсрэгээр нь хийчихсэн. 1998-2022 онд нийт 26 удаа зөвлөх тайланг манай яаманд хүргүүлсэн байдаг. Дурдвал, хамгийн чухал нь, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.

Хуучнаар 1 хүний төлж буй НДШ-ээр 3 хүний тэтгэврийг өгдөг байсан бол одоо 3 хүний НДШ-ээр 1 хүний тэтгэврийг өгч чадахааргүй хэмжээнд хүрчхээд байгаа шүү дээ. Үүнийг эв санааны нэгдлийн зарчим гэж нэрлэдэг. Гэтэл одоо бусад Улс орнууд бас эв санааны нэгдлийн зарчмаас хагас болон бүтэн хуримтлалын тогтолцоонд шилжиж байгаа учраас үүнийг бид ч зайлшгүй хийх шаардлагатай. Мөн цаашид, зах зээлийн нийгэмд эв санааны нэгдлийн тогтолцоо удаан оршин тогтнохгүй тул хурдан өөрчлөх болон тэтгэврийн хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөсөн байдаг.

Манай Улс 1 сая 200 орчим даатгуулагчтай гэж үзэхэд 1 сая нь албан журмын даатгалтай бол 160-170 мянга нь хувиараа хөдөлмөр эрхлээд сайн дураар нийгмийн даатгал төлж байгаа иргэд бүрдүүлдэг. Энэ тоо бол багадаа орно. Учир нь, хөдөлмөрийн насны 2.2 сая иргэд байгаагаас албан бус хөдөлмөрийн салбарт хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд л гэхэд 450 мянга гаруй. Тэдний ⅓ нь НДШ төлж байна. Маш бага үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг өөрчилж, албан бус эдийн засгийн секторыг албан сектор руу хөрвүүлэх, сайн дурын даатгалын хүртээмжийн цар хүрээг өргөтгөх шаардлага байна.

Дээрээс нь танай Улс улс төрийн шинж чанартай хөнгөлөлтүүд зарлахаа болиоч ээ, тухайлбал хэд хэдэн удаа тэтгэврийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан нь Монгол Улсын нийгмийн даатгалын сан дээр асар том ачаалал үзүүлж байна, мөн Монгол хүний дундаж наслалттай холбоотойгоор тэтгэвэр бодох арга, параметрээ өөрчлөх шаардлага байна гэх мэтчилэн бодлогын зөвлөмжүүд өгсөн байдаг. Ингээд харахаар бид эдгээр бодлогын зөвлөмжүүдийг хэрэгжүүлж чадаагүй учраас УИХ-д өргөн барьсан 2025 оны Улсын төсөв дээр ирэх оны тэтгэврийн даатгалын алдагдлыг санхүүжүүлэх зардал 1.4 их наяд болчихож байгаа юм. Хойтон 2026 онд 2.5 их наяд, 2027 онд 2.9 их наяд, 2028 онд 4 их наяд руу очихоор байгаа учраас дахиж ингэж улсын төсвөөр нийгмийн даатгалынхаа алдагдлыг нөхөж явж ерөөсөө болохгүй. Энэ бол маш буруу тогтолцоо.

Өнгөрсөн хугацаанд бид нийгмийн даатгалын сан дээр их хэмжээний алдагдал хийх улс төрийн шинж чанартай популист хуулиудыг баталсны төлбөр өнөөдөр 4.7 их наяд болчихжээ гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. Нөхөн даатгалын хууль баталж, 10 жилийг нөхөн олгосон. 1990-1995 онуудыг үнэгүй, 1995-2000 оныг ₮78,000 нөхүүлээд нийт 10 жил болгочихсон. Үүнд 324,000 хүн хамрагдаж, төлсөн НДШ нь ₮37 тэрбумын шимтгэлийн орлого төлсөн. Гэвч эргээд тэтгэврээ тогтоолгоод тэтгэвэр аваад эхэлчихээр зөвхөн өнгөрсөн 7 жилийн хугацаанд ₮1.5 их наядын ачаалал нийгмийн даатгалын сан дээр ирсэн.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуваарь 2020 онд гарснаар 20,000 хүн хамрагдаж ₮76 тэрбумын орлого төвлөрүүлсэн мөртлөө одоо жил бүхэн ₮205 тэрбумын зардал, ачааллууд гарч байна. Шимтгэлийн хувь хэмжээг 2008 онд 5 хувиар бууруулснаас болж ₮2.4 их наядын алдагдал үүссэн гэх мэтчилэн нөхөн даатгалын хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолт зэрэг хуулиуд гарснаас шалтгаалан өнөөдөр нийгмийн даатгалын сан дээр ₮4.7 их наядын алдагдал үүсчихлээ гэдгийг хэлмээр байна. Энэ байдлаараа бид цаашдаа Улсын төсвийг бүрдүүлдэг татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэврийн сангийнхаа алдагдлыг нөхөөд явж байдаг тогтолцоог халахаас өөр аргагүй юм.

Модератор А.Ундрал: Та бол мэргэжлийн актуарч, тэтгэврийн мэргэжилтэн хүн. Өнгөрсөн 25 жилийн турш 26 зөвлөмж ирсэн байтал яагаад бид одоог хүртэл хагас хуримтлал, бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжиж чадахгүй байв, юу саад болж байсан гэж үзэж байна вэ? Мөн яагаад энэ Засгийн Газар хийж чадна гэж бодож байна?

Боловсролын Сайдын Зөвлөх Д.Гантулга: Олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо руу шилжих ёстой гэдэг сэдэв 1999 онд нэрийн дансны хууль батлагдахад цаашдаа хуримтлалын тогтолцоо руу шилжинэ гээд төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт нь ороод явж байсан. Гэвч ингээд харахад ганцхан тэтгэврийн тогтолцоо биш Монгол улсын хөгжил өөрөө бүхэлдээ гацчихсан асуудал харагдаж байгаа юм. Аргацаах арга хэмжээ авдаг, анзаарвал ихэнх төрийн бодлого сонгуулийн циклд тааруулж гардаг. Урт хугацаанд хардаггүй, гал унтраах хандлагаар хийгдэж ирсэн нь манай төрийн бодлого болчихсон.

Тэрний нэг жишээ нь тэтгэврийн шинэчлэл л дээ. Олон улсаас маш олон зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн. Дүгнэхэд, 2 шалтгаан байдаг гэж боддог юм. Эхнийх: Мэдлэггүй. Мэдлэг бол Хүч гэдэг. Мэддэггүй, ойлгодоггүй учраас хийж чадна гэдэг итгэл байхгүй. Яах учраа олохгүй айчихдаг. Хоёрдугаарт мэдээж санхүү, мөнгөний бодит асуудал бий. Олон тулгуурт тогтолцоо гэдэгт үндсэндээ 3 төрлийн тулгуур бий.

Нэгт, суурь тэтгэвэр. Энэ зайлшгүй хэрэгтэй. Тэр тусмаа Монгол шиг байгалийн баялагтай оронд зайлшгүй шаардлагатай. Энд тэнд явж байдаг халамжийн бодлогыг энд зангидаад ахмад настай Монгол хүн бүр наад захын орлоготой байлгах ёстой.

Хоёрт, албан журмын хуримтлалын тогтолцоо. Гуравт, сайн дурын давхарга. Шинэчлэл хийгээд хуримтлалын тогтолцоо руу орчихлоо гэхэд одоо тэтгэвэр авч буй хүмүүсийн мөнгө дутна. Тэрхүү эх үүсвэрийг хаанаас гаргаж ирэх вэ? ХҮН намын мөрийн хөтөлбөрт орсноор баялгийн сантайгаа уяж, уул уурхайн орлогоосоо дараагийн тэтгэврийг төлөөд явчихъя, цугларч буй эдгээр мөнгө нь даатгуулагчийн хөрөнгө. Энэ утгаараа нийтийн өмч, дундын сан үүсчхэж байгаа юм. Цаашид энэ сангаасаа хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж болно. Энэ утгаараа баялгийн сангийн хууль дээр тэтгэврийн шинэчлэлийг хамтатган оруулах санал гаргасан.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтийг хийх явцдаа бид түр зуурын гал унтраасан байдлаар бус ул суурьтайхан авч үзэх л чухал байна.Тухайлбал одоогийн тэтгэвэр авагчдад зовуурь өгөхүйц шилжилтийг хийж болохгүй. Олон улс орнууд шинэчлэлтээсээ буцсан, амжилтгүй болсон тохиолдлууд бий шүү дээ.

Модератор А.Ундрал: Таны хувьд Монголын анхны хувийн нэмэлт тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлэгч компанийг удирдаж яваа. Энэ үйл хэргийнхээ хүрээнд олон нийтийн санхүүгийн боловсролд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа болов уу гэж бодож байна. Анх эхэлж байсан үе болон одоо үе хоёрын хооронд ямар ялгааг мэдэрч байна вэ? Зохицуулагч байгууллага, төр-хувийн хэвшлийн оролцоо нэг зүгт байж, нэг цэг рүү харж чадаж байна уу? Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийн санал авах процесс эхэлчихсэн яваа энэ үе та санал бодлоо илэрхийлээч.

Ардын Тэтгэврийн Сан ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Тайшир: Манай компани анх 2007 онд ХасБанкны 1,700 ажиллагсдын сан хэлбэрээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 17 жил тасралтгүй ажиллаж ирлээ. Анх зөвхөн ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд сангаа байгуулж байсан бол өдгөө манай компани дээр 150,000 гаруй хувийн тэтгэврийн хуримтлалын данс эзэмшигчидтэй болж, 120-130 байгууллага бидэнтэй хамтран ажиллагсдадаа тэтгэврийн санг нь үүсгэж өгсөн байдаг. Эдгээр тоонууд юуг илэрхийлж байна вэ гэвэл манай зах зээл дээр хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ аль хэдийн эрэлттэй болчихсон явааг илтгэх болов уу. Хуулийн төсөлд үндсэн 5 зарчмын хүрээнд хийсэн байгаа юм.

Тухайлбал, тэтгэврийн сан болон урт хугацааны даатгагч нь сайн дурын үндсэн дээр байх ёстой, бүх үйл ажиллагаа нь засаглалын хувьд шилэн байх, хамгийн гол хүчин зүйл буюу өвлөгддөг тогтолцоо гэх мэт. Манай байгууллагын хувьд одоо боловсруулагдаж буй хуулийн төслийн зарчим, стандартад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг. Боловсруулагдаж буй хуулийг харахад, ажил олгогч, ажилтан, хувийн тэтгэврийн сан буюу урт хугацааны даатгалын байгууллага, зохицуулагч байгууллагуудын харилцааг тодорхой тусгаж, хяналтыг хэн хийх, ямар зохицуулалттай байх зэргээр цогцоор нь харсан хуулийн төсөл хийгдээд явж байна гэж хардаг.

Тэтгэврийн сангийн хувьд санхүүгийн компаниудаас гадна хувийн хэвшлүүд өөрийн ажиллагсдадаа зориулсан сан үүсгэчихсэн байдаг нь одоо боловсруулж буй хуулийн дагуу илүү цэгцэрч, тодорхой зохицуулалтад орох байх. Учир нь сангийн үйл ажиллагаа үзүүлэгч нь зохицуулагч байгууллагын хяналтад байх ёстой. Манай сангийн хувьд тэтгэвэр олголтыг 3 янзаар шийддэг. Нэг удаагийн, хуваарьт, насан туршийн тэтгэвэр олголт гэх 3 хэлбэр, төрлөөс үйлчлүүлэгч өөрөө сонгоод тэтгэврээ авах боломжтой. Ардын Тэтгэврийн Сангийн харилцагчдын хувьд эхнээсээ тэтгэврийн хуримтлалаасаа нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох байдлаар өөрийн сонголтоор ашиг, өгөөжөө хүртээд эхэлсэн яваа.

Бидний зүгээс харилцагчдадаа олгодог давуу талуудын нэг нь Ард Аппликэйшнээсээ өөрийн хуримтлалын дансны үлдэгдэл, өгөөж, хэдэн жилийн дотор ямар дүнтэй хуримтлал үүсэх боломжтой зэргийг шилэн байдлаар харж хянаад, түүнийхээ дагуу хуримтлалын төлөвлөгөөгөө удирдаад явах боломжийг олгодог нь тэтгэврийн хуримтлал эзэмшигчдэд маань ихээхэн таашаагддаг. Улсын нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд ч иргэд төлөхдөө цааргалах бус гагцхүү шилэн байдлаар өөрийн төлж буй шимтгэлийн дүнг харчихдаг, эргээд өөрт нь хэдэн жилийн дараа ямар хугацаанд, сард хэдэн төгрөгийн тэтгэврийн орлого болоод эргэж ирэх талаарх мэдээллээр дутдаг болов уу гэж боддог.

Модератор А.Ундрал: Судалгаа хийж, олон баримт дээр үндэслэн ажилладаг таны хувьд тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтийн салбарт анхаарал татаж, санал бодлоо илэрхийлмээр байгаа өнцгийг бидэнд илэрхийлээч.

СЭЗИС-ийн Ахлах багш, МНБ, ТМЗ, Татварын шинжээч, Ч.Өнөржаргал: Хамгийн эхлээд халамж-даатгал хоёрынхоо ялгаа, заагийг маш сайн тодорхойлж өгөх хэрэгтэй. Халамжийн шинж чанартай зүйлсийг нийгмийн даатгалтай хольж хутгадаг тохиолдол их байна. Даатгал, шимтгэл төлж байгаагүй нэг хэсэг тэтгэвэр авч байгааг тусгаарлах зайлшгүй шаардлагатай. Нөхөн даатгалаар орж ирсэн, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаад бүрэн тэтгэвэр болчихсон, халамжийн тэтгэвэр авч байгаад нийгмийн даатгалаас тэтгэвэр авдаг болчихсон, нууцад хамааруулж байгаад бодитой биш тэтгэвэр тогтоолгочихсон хэсэг байгааг тухайн үед Сайд хийж байсан хүнээс яагаад ийм даатгалын шинж чанартай бус зүйл хийчихсэн юм бэ гээд асуухад: Тэр үед нийгмийн тогтолцооноос болоод иргэд ажилгүй байсны хариуцлагыг төр засаг үүрч байгаа юм гэдэг.

Нэгэнт тэгж томьёолж байгаа бол тэр хариуцлагаа төр засаг бүрэн үүрээд нийгмийн даатгалын сангаас энэ асуудлыг зоригтойгоор салгаж, зааглах шаардлагатай болчхоод байгаа юм. 2000 оны 1 сарын 1-нээс л ялгачих боломжтой байсан шүү дээ, тэр үед нийгмийн даатгал харьцангуй бие даасан тогтолцоо байсан. Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнууд төрийн албан хаагч биш байсан. Төрөөс халамжаар дамжиж гардаг хөнгөлөлт, урамшууллууд, жишээлбэл ахмад настнуудад өгдөг амралт, сувиллын зардал гэх мэт тухайн хүндээ төдийлөн үр өгөөжтэй биш ч нийт дүнгээрээ улсын төсвөөс өндөр дүнтэй зардал болоод гарчихдаг төрлийн танаж болох зардлууд их байна. Танасан зардлаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй хэсгийнхээ зардлыг санхүүжүүлэх зэргээр зохицуулах шаардлагатай байна.

Бас нэгэн жишээ, 1960 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн бүх иргэний цалингийн мэдээлэл Улсад бий. Түүнд үндэслээд бүх насан туршид нь авсан цалингаар нь тэтгэвэр тогтооход бэлэн байна. Гэтэл хамгийн дутагдалтай зүйл нь юу гэхээр, цалинг өнөөдрийн цалинд ойртуулж нэмэгдүүлж буй итгэлцүүр бодитой биш байна. Хэмт нэмэгдүүлчихээр улсын төсөв, сан маань даахгүй. Гэхдээ зөвхөн сангаа, улсын төсвөө бодоод байвал даатгал гэдэг эцсийн мөчид хэний төлөөх зүйл вэ гэдэгт мөн хариулт өгөх хэрэгтэй болчхоод байгаа юм. Эдгээр гажуудлуудыг зоригтой засахаас өөр аргагүй. Тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн нийгмийн байдлыг дордуулж болохгүй, тэгж байж сэтгэл ханамж үүснэ. Сэтгэл ханамж дээшлэхээр даатгуулах хэрэгтэй юм байна гэдгийг албан хүчээр биш гэр бүлийнхнээрээ дамжуулаад өөрөө харж ойлгох нь чухал.

60 минут үргэлжилсэн Тэтгэврийн шинэчлэлтийн эргэн тойронд хэлэлцүүлгийн Модератороор Тэнгэр ТВ-ийн Гүйцэтгэх захирал А.Ундрал ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын Сайдын Зөвлөх  Д.Гантулга, СЭЗИС-ийн Ахлах багш, МНБ, ТМЗ, Татварын шинжээч Ч.Өнөржаргал, Ардын Тэтгэврийн Сангийн Гүйцэтгэх захирал Ц.Тайшир нар оролцсон нь төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын зүгээс асуудалд харах өнцгийг нэг дор хуваалцах нөхцөлийг бүрдүүлж чадлаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.