Уншиж байна ...

Монголд газарзүйчид хэрэгтэй юу?

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Газар зүй нь Элсэлтийн Шалгалтад хамгийн цөөн шалгуулагчтай гурван хичээлийн нэг болтлоо "орхигдож" байгаад тус мэргэжлийнхэн халаглаж байна. Улс орныхоо газар зүйн байршлын онцлог, нөхцөл байдлыг шинжлэх мэргэжилтний тоо буурсаар байгаад анхаарах шаардлагатайг тэд онцолж байна. 

Тухайлбал газар зүйн хичээлийн чанарыг сайжруулж, газар зүйн чиглэлийн мэргэжлээр элсэлт авахдаа их, дээд сургуулиуд онооны харьцаандаа анхаарах хэрэгтэй зэрэг талаар Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн профессорын багийн нийтлэл бичсэнийг хүргэж байна.



“ГАЗАР БОЛ УЛСЫН ҮНДЭС” хэмээн Хүннү гүрний эзэн хаан Модун өгүүлсэн байдаг.

Тиймдээ ч үеийн үед улс орон оршин тогтнох гол тулгуур бол “Газар нутаг” юм. Газар нутгийн төлөөх тэмцэл, өрсөлдөөн дэлхийн түүхийн нэн тэргүүн асуудал байсаар ирсэн ба түүхэн үйл явдлууд улам бүр ч нотолдог. Тэгвэл тухайн газар нутгийг тал бүрээс нь судлах онцгой мэргэжил бол газарзүйчид юм. Нэг ёсондоо үзэг барьсан эх орончид бөгөөд орчин цагт зэвсгийн хүчнээс үзэгний хүч илүү хүчтэй болсон цаг үед бид амьдарч байна.

Ази тивд өндөр уулсаар хүрээлэгдэн орших Монгол нутаг бол бусад бүс нутаг, улс, орнуудаас ялгагдах газарзүйн онцгой орчинтой, тэсвэр хатуужлын туйлыг шалгасан, эрс тэс уур амьсгалтай газар орон билээ. Энэхүү онцгой газар нутгийг XX зуунд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Газарзүйн тасаг 1924 онд байгуулагдсанаас хойш Монголын газарзүйчид танин мэдэх, судлах үйл ажиллагаа эхлээд даруй 100 гаруй жилийг үджээ. Энэ хугацаанд байгалийн нөөцийг үндэсний эдийн засагт зохистой ашиглах шинжлэх ухаан, практикийн асуудал хурцаар тавигдаж ирсэн бөгөөд газар нутгийн судалгааг гүнзгийрүүлэн судалж байгаль орчны хувьд зүй зохистой ашиглах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үе үеийн газарзүйчид ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй.

Байгалийн даац, нөхцөл нөөцийг илэрхийлэх суурь болох газар нутаг бол бидний амьдралд тал бүрийн ач холбогдолтой байгалийн хам бүрдэл бүхий систем юм. Энэхүү системийг судлах, хөгжүүлэх мэргэжилтэн, судлаач, багш нарын хүрэлцээ орчин үед нэн дутмаг болж байна.

XX зуунд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Газарзүйн тасаг 1924 онд байгуулагдсанаас хойш Монголын газарзүйчид танин мэдэх, судлах үйл ажиллагаа эхлээд даруй 100 гаруй жилийг үджээ

Нэгдүгээрт: Төрөөс явуулж буй бодлогын зарим алдаатай шийдвэр, дүрэм журмын авцалдаагүй байдал, салбар хоорондын уялдаа холбоо муу, шийдвэр гаргагчдын түвшинд хэтэрхий субъектив хандлага давамгайлах, тухайн салбарын судлаачид, мэргэжилтэн, багш нарын идэвхгүй байдал зэргээс шалтгаалж онцгой ач холбогдолтой мэргэжилтэн бэлтгэх үйл явц нэлээд доголдолтой болж иржээ. Үүний нэгэн илрэл бол газарзүйн суурь сургалтын систем юм.

ГАЗАРЗҮЙ бол “Эх орон ч үзэл, байгаль орчин, газар нутгаа хамгаалах, зөв зохистой ашиглах, түүнийг судлах” үндсэн зарчимд суурилдаг ЦОРЫН ГАНЦ ХИЧЭЭЛ юм.

Орчин үед тод илэрч буй ганц жишээ бол газар нутгийн онцлогийг харгалзан байгалийн аялал жуулчлалын салбарт түшиглэх, ашиглах асуудал жилээс жилд өсөн нэмэгдсээр ирсэн. Гэвч үндсэн суурь зарчим алдагдсан учраас байгаль орчны тулгамдсан асуудлууд тулгарсаар байна.

Хоёрдугаарт: Газарзүйн чиглэлийн мэргэжилтэн, судлаач, багш бэлтгэх үйл явцын үндсэн суурь нь Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн сургалтын системд гарч буй дутагдлууд юм. ЕБС-д газарзүйн суурь мэдлэг, дадал хэвшил, эх орон ч хүсэл тэмүүлэл суулгах боловсрол олгох зорилготой атал орчин үед ор мөр төдийхөн байдлаар хандаж ирсэн нь ихээхэн учир дутагдалтай юм.

Үүний тод жишээ нь одоогоор ЕБС-ИЙН VII-XI ангид ГАЗАРЗҮЙН ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙН ХЭМЖЭЭ ДОЛОО ХОНОГТ ЕРДӨӨ Л 1-2 ЦАГИЙН ХИЧЭЭЛ ЗААХ ТӨДИЙ байна. “Заах төдий байна” гэдэг нь газарзүйн хичээлийг бусад байгалийн болон нийгмийн ухааны багш нар ажлын цагаа гүйцээх байдлаар хавсарга байдлаар заах тохиолдлууд бараг жирийн үзэгдэл болжээ.

Үүнээс үүдэн XII ангид буюу төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, мэргэжлээ сонгох чухал үед газарзүйн хичээл ЕБС-д заадаггүй нь ихээхэн учир дутагдлыг үүсгэж байна.

Энэ нөхцөл байдлаас шалтгаалж ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ (ЭЕШ) өгч буй суралцагчдын ХАМГИЙН БАГА ШАЛГУУЛАГЧТАЙ 3 ХИЧЭЭЛИЙН НЭГ нь ГАЗАРЗҮЙН ХИЧЭЭЛ болсон. Үүнийг дагаад ГАЗАРЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН, БАГШ НАР БЭЛТГЭХ НӨӨЦИЙН ХОМСДОЛД ОРСОН.

Гуравдугаарт: Элсэлтийн шалгалтын онооны хуваарилалт мэргэжил сонголтод шууд нөлөөлж байна. Жишээ нь, МУИС-д Газарзүйч, Газарзүйн багш мэргэжлийн чиглэлээр элсэгчид математик 70%, газарзүй 30% гэсэн элсэлтийн ерөнхий шалгалтын нийлбэр онооны харьцаагаар элсэх босгоо давж буй нь ихээхэн учир дутагдалтай харьцаа юм. Энэ харьцааг доор хаяж 50:50 хувийн харьцаатай болгох шаардлага ч байна. 2025-2026 оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын тогтолцоонд өөрчлөлт орохоор төлөвлөгдсөн байсан нь одоогоор газарзүйн чиглэлд мэргэжилтэн бэлтгэхэд ямар нэг ахиц дэвшил гарна гэдэгт бас л эргэлзээтэй төлөвлөлт харагдсан. Их сургуульд элсэх тухайн чиглэлийн элсэгчдийн тоо буурснаас шалтгаалж ЕБС-д үндсэн газарзүйн багш нарын ажлын орон тоо улам бүр хумигдсаар байна. Тухайн ажлын орон тоо багассанаар ирээдүйн газарзүйчид, газарзүйн багш нарыг бэлтгэх суурь тавигдах нөхцөл бүрдэхгүй байна. ЕБС-уудад газарзүйн багш нарын хүрэлцээ дутмаг, ажиллах хүчний дутагдалд гүн орсон байдалтай байсаар байна. Тиймээс энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит алхам, шийдвэр шаардлагатай байна.

“ГАЗАРЗҮЙ биднийг хөршүүд болгосон. Түүх биднийг найзууд болгосон. Эдийн засаг биднийг түнш болгож, хэрэгцээ шаардлага биднийг холбоотон болгосон. Бурханы нэгтгэсэн эдгээр хүмүүсийг хэн ч бүү салга”.

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди

Монгол бол байгалиас шууд хамааралтай амьдардаг хэв маяг давамгайлдаг улс орон тул газарзүйчид зайлшгүй хэрэгтэй юм. Орчин үед Монголд геополитик, дэлхийн дулаарал, цөлжилт, ган зудын эрсдэл, бэлчээрийн асуудал, амьдрах орчны бохирдол, хүн ам, нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийн зохисгүй асуудал хурцаар тавигдаж байгаа нь бидний нүд, сонорт илхэн байсаар байна. Эдгээр нийгмийн болон байгаль орчны зохисгүй хурцаар тавигдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр улс орны бодлого тодорхойлогч нар төрөл бүрийн арга хэмжээ авч ажиллахаар оролдож буй болов ч “ул суурьгүй хандах” хандлага илүү тод мэдрэгдэх болжээ. Газарзүйчид бол дээрх зохисгүй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал байр суурьтай оролцох, гарц гаргалгааг зөв олох, шийдлийн арга хэмжээг тодорхойлох, шинжлэх ухаан, практикийн ач холбогдлыг тодорхойлох чухал мэргэжлийн салбар юм. Эцэст нь газар нутаг бол улсын хөгжин мандах үндэс бөгөөд үүнийг судлах, танин мэдэх, зөв зохистой ашиглах, хамгаалахад хүн бүрийн үүрэг, бодит оролцоо байх шаардлагатай билээ.

 

Нийтлэл бичсэн: МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны салбарын Газарзүйн профессорын баг