Уншиж байна ...
Зураг
Зураг

Африкийн нэг улсын эрх мэдлийн төлөө дотоод тэмцлийн улмаас их хэмжээний дүрс бичлэг задрав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Бичлэг нь задарсан Балтасар Эбанг Энгонга

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Африк тивийн Экваторын Гвиней улсад нэгэн төрийн өндөр албан тушаалтны албан тасалгаандаа болон өөр бусад газруудад олон эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж буйг харуулсан дүрс бичлэгүүд задраад байна.

Сошиал сүлжээнд тарсан уг бичлэгүүд Африк тивийн энэ бяцхан улсын иргэдийг төдийгүй бүс нутгийн бусад улс орнуудын иргэдийг цочирдон гайхшируулжээ.

Бичлэгт гарсан эмэгтэйчүүдийн нэлээд хэсэг нь эрх мэдэлд ойр ажилладаг хүмүүсийн гэргий нар, төрөл төрөгсөд байсан юм.

Хэргийн эзэн Балтасар Эбанг Энгонга нь тус улсын ерөнхийлөгч Теодоро Обианг Нгуемагийн зээ хүү бөгөөд ерөнхийлөгчийг залгамжлах ирээдүйтэй хүн гэгддэг.

Тиймээс бичлэг задарсан явдал улс төрийн зорилготой байх өндөр магадлалтай байна.

1979 оноос хойш Экваторын Гвиней улсыг тасралтгүй удирдаж буй 82 настай Обианг нь одоогоор дэлхийн хамгийн урт хугацаанд ажиллаж буй ерөнхийлөгчийн дээд амжилтыг тогтоогоод байгаа юм.

Экваторын Гвиней улсын 1.7 сая хүн амын ихэнх нь ядуурлын түвшинд өдөр хоногийг өнгөрөөдөг бол цөөхөн хэсэг хүн онцгой баян амьдардаг.

Тухайлбал одоо дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг Обиангийн хүү нь поп од Майкл Жексоны өмсөж байсан $275,000-ын үнэ бүхий эрдэнийн чулуун шигтгээтэй бээлийг эзэмшдэг. Түүний баян тансаг амьдралын тухай дуулиан тасардаггүй.

Хэдийгээр хэдэн жил тутам сонгууль зохион байгуулдаг ч Экваторын Гвинейд ямар ч сөрөг хүчин байхгүй, чөлөөт хэвлэл гэсэн ойлголт байхгүй. Сөрөг хүчний улс төрчдөө хяхан хавчдаг.

Тиймээс Энгонгагийн дүрс бичлэгийг задалсан хэрэг нь эрх мэдлийн төлөө ордны хуйвалдааны нэг хэсэг бололтой.

Тэрбээр өмнө нь Үндэсний Санхүүгийн Мөрдөн Байцаах Газрын даргын албыг хашиж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцдэг байжээ.

Гэхдээ тэр өөрөө сүүлд төсвийн мөнгө хулгайлагч болон хувирсан юм.

Аравдугаар сарын 25-нд түүнийг төсвөөс их хэмжээний мөнгө хулгайлж, Кайманы арлууд дахь нууц дансанд байршуулсан хэргээр баривчилжээ.

Үүний дараа ноён Энгонгаг нийслэл Малабо хотын алдарт Хар Эргийн шоронд хорьсон байна.

Түүний гар утас, компьютерыг хураан авснаас хойш хэдхэн хоногийн дараа дүрс бичлэгүүд тарж эхэлжээ.

Ерөнхийлөгчийн хамаатан гэдгээсээ гадна Энгонгагийн аав Балтасар Энгонга Эджо нь Төв Африкийн бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн холбоо CEMAC-ийн ерөнхийлөгч, улс орондоо асар их нөлөө бүхий хүн юм.

Тиймээс дээрх дуулианыг ерөнхийлөгч Обиангийн эрин үе өндөрлөж, шинэ залгамжлагч тодрох цаг ирж байгаатай холбоотой Экваторын Гвинейн элит хүрээнийхний дунд дайн эхэлсний илрэл гэж үзэж байна.

“Одоогийн ерөнхийлөгчийн эрин үе төгсгөлдөө ирж, залгамжлагчдын дотоод тулаан эхэлснийг бид харж байна” гэж Лондонд амьдардаг Экваторын Гвинейн иргэний хөдөлгөөний зүтгэлтэн Нсанг Кристиа Эсими Круз тайлбарлажээ.

Энэ бүхний ард Обиангийн дэд ерөнхийлөгч хүү, түүний ээж нар байгаа гэж тэр үзэж байна. Ээж нь хүүгээ ерөнхийлөгч болгохын тулд замд нь саад хийсэн хэнийг ч ямар ч аргаар зайлуулахад бэлэн байгаа гэлцдэг.

Ерөнхийлөгч Обиангийн өөр эхнэрээс төрсөн бас нэг хүү Габриэл Обианг Лима тус улсын газрын тосны сайдаар 10 жил ажиллаад саяхан тушаал буурсан нь бас ээж, хүү хоёрын нууц явуулгын үр дүн гэлцэж байна.

зураг
 
Экваторын Гвиней улсын дэд ерөнхийлөгч

Google-ийн хайлтын статистик мэдээллээс үзвэл Экваторын Гвиней улсын нэртэй түлхүүр үг өнгөрсөн долоо хоногийн эхнээс Африкийн хэд хэдэн оронд тэргүүлж эхэлжээ.

Тухайлбал Даваа гарагт “Equatorial Guinea” түлхүүр үг Кени, Нигери, Өмнөд Африк улсуудын X платформ хэрэглэгчдийн дунд өндөр эрэлттэй байж, сонирхол нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээллээс ч давсан байна.

“Экваторын Гвиней улсад садар самуун бичлэгээс илүү том асуудал олон бий. Энэ дуулиан бол манай нийгмийн өвчин эмгэг биш, харин түүний шинж тэмдэг төдий зүйл юм. Нийгэм яаж завхарсныг энэ үйл явдал харуулж байна” гэж Круз ярьжээ.

 

Эх сурвалж: BBC