Уншиж байна ...

Ч.Цацрал-Од: 1987 онд ОХУ-аас хийж өгсөн цахилгаан тээврийн дэд бүтэц хэвээрээ. Троллейбусны парк шинэчлэл хийгдээгүйгээс цөөн явдаг

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Цахилгаан тээвэр" компани 1987 онд байгуулагдсан бөгөөд одоо 15 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байна.

Парк шинэчлэлтийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүн, ойрын төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлын талаар “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын Өмч ашиглалт, аж ахуйн албаны дарга Ч.Цацрал-Од "НИТХ-аас "Цахилгаан тээвэр" НӨҮГ-ыг 2024 онд “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ болгосон юм. 

Цахилгаан тээвэр технологийн хувьд өөрчлөгдөж байна. Манай улсын хувьд троллейбусыг халах болоогүй юу гэж ярьж байгаа ч ОХУ, БНХАУ-д цахилгаан тээврийг сэргээж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл өртөг багатай, байгальд үзүүлэх хор нөлөөгүй байдаг. Троллейбусыг автобустай харьцуулж үнэлгээ гаргаж буй. Экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоход троллейбус нь нийгэмд ач холбогдолтой тээврийн хэрэгсэл. 

1987 онд ОХУ-аас хийж өгсөн цахилгаан тээврийн томоохон дэд бүтэц хэвээрээ байна. Харин троллейбусны парк шинэчлэл хийгдээгүйгээс цөөн тоогоор явж байгаа. Парк шинэчлэл хийвэл дэд бүтцийн хүчин чадал хангалттай юм.

24 цагийн турш 90 хүний бүрэлдэхүүнтэй алба цахилгаан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Сүүлийн үед авч байгаа цахилгаан автобусны цэнэглэх байгууламжуудыг “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-т байгуулж, шугамд гаргасан байдаг.

Уг дэд бүтцэд тулгуурлаж метроны үйл ажиллагааг явуулах ёстой" гэж ярилаа.

Троллейбусанд "Улаанбаатар смарт карт" компанийн төхөөрөмжтэй бөгөөд бүх банкны карт унших төхөөрөмжийг давхар суурилуулах асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.