Уншиж байна ...

УИХ-ын гишүүд 2025 оны төсвийн урсгал зардлыг багасгаж, дахин өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайдаас шаардлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 11 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны төсвийн зардлыг бууруулах шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин нар хэвлэлийн хурал хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "УИХ-ын сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Хамтарсан Засгийн газарт орсон намуудын амлалтыг эргэн сануулъя. 

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн.

Тус улс төрийн намууд нь 2024 оны ээлжит УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, төсөв мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр “...Монгол Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь хүртэл болгож бууруулна, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана, Төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40 хувиас доош тогтмол хадгална...” хэмээн тусгаж, Монголын ард түмэнд амласан.

Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл дэх нийт зарлагын хэмжээ 35.8 их наяд төгрөгт хүрч 5.3 их наяд, Засгийн газрын өр зээл 40.5 их наяд төгрөгт хүрч 5 их наяд, төсвийн урсгал зардал 26 их наяд төгрөгт хүрч 3.6 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг болж байгаа нь дээр дурдсан амлалтуудын эсрэг үйлдэл болж байна. 2025 оны төсвийн төсөлд тооцоо судалгаанд үндэслээгүй, ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, хууль зөрчсөн, олон тооны үр ашиггүй дараах зардлууд тусгагдсан байна" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Төсвийн урсгал зардал нэмэгдэхэд нөлөөлсөн цөөн жишээг харуулъя. Үүнд:

  • албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин,
  • тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин,
  • хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах,
  • мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин,
  • бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин,
  • бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.

2025 оны төсвийн төслийн зарим хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:

  • улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн зардал 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин;
  • их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин;
  • Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэхийг бид дэмжиж байна.

Эдгээр зардлууд нь гол төлөв хотод байрладаг яам, тамгын газруудын зардал юм. Гэтэл ирэх онд орон нутагт нэг ч шинэ хөрөнгө оруулалт тусгагдаагүй. Үүнийг бид шударга бус гэж үзэж байгаа юм" гэлээ.  

Мэдээлэл хийж буй гишүүд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх нэрийн дор нийт зардлын 72.6 хувийг бүрдүүлж урсгал зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Төсвийн энэхүү тэлэлт нь хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд нэмэлт дарамт учруулах, инфляцыг хоёр оронтой тоонд хүргэх, төлбөрийн тэнцэл муудах, төгрөгийн ханшийг сулрах, гадаад валютын албан нөөцийг бууруулах зэргээр макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Тиймээс инфляцыг нэг орон тоонд барих, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг буцаан татан авч, өмнөх оны түвшнээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулан, дахин өргөн мэдүүлэх шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж байгаа аж.