Уншиж байна ...

Татварын бодлого спортын хөгжилд эерэг нөлөө үзүүлж эхэллээ

ikon.mn
2024 оны 11 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын сагсан бөмбөг түүхэндээ байгаагүй үзүүштэй, өрсөлдөөнтэй, сонирхолтой болж ирсэн. Шинэ ордон, шинэ багууд, шинэ нэрс гээд 30 жилийн ой дээрээ фэнүүдээ харамгүй баярлуулж буй. Багийн эзэд ч тоглоомын гол дүр болж, олны анхаарлыг татах шиг.

Өдгөө “SG Apes” багийн эзэн О.Мөнхжин, “Сэлэнгэ Бодонс” багийн эзэн Л.Наранбаатар нарын талбай дээрх болон талбайн гаднах өрсөлдөөн спортод эерэг өөрчлөлтийг авчирч байгаа.

“SG Apes”, “Сэлэнгэ Бодонс”-ын өрсөлдөөнөөр эхэлсэн тэдний ривал А.Базаргүрийн 120 саяын гэрээгээр үргэлжилж, одоо Монголын волейбол руу орж байгаа сурагтай. “Шунхлай” групптэй хүчээ нэгтгэсэн О.Мөнхжин саяхан волейболын Өмнөговь “Шанх Транс” багтай хамтарч, “SG Hawks” гэх нэртэй болгосон. Баг нь ч лигээ өнгөтэй эхлүүлэв.

Л.Наранбаатар мөн зүгээр суусангүй. Волейболын “Хасу Мегастарс” багийг “онилжээ”. Волейбол сонирхогчид “Хасу Мегастарс” багийг тун сайн мэднэ. Хэдхэн жилийн өмнө лигт ноёрхож, аваргын цом, алтан медалийн эзэд болж байлаа. Харин сүүлийн жилүүдэд “Натур Мед” болон “Шанх Транс” багууд чангарч, лигийг тэнцвэртэй болгосон. Энэ жил ч энэ гурван багийн дунд гол аваргын өрсөлдөөн болох шинжтэй.

Яагаад сүүлийн үед бизнес эрхлэгчид, томоохон групп, компаниуд спортод ингэж их хөрөнгө оруулаад байна вэ? Ашиг, орлого авчрах бизнесийн загвар гээд байх зүйл бараг л үгүй. Тэгвэл хариулт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт юм. Энэ өөрчлөлтөөр татвар төлөгч нь өөрийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг, хандив үзүүлбэл татвар ногдох орлогын 1% хүртэлх дүнгээр төлбөл зохих албан татвараас хасаж хөнгөлүүлэх юм.

зураг
 

Ийм л учраас групп, компаниуд урлаг, спорт тэргүүтэй бусад нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд татварын хөнгөлөлт эдэлж эхэлж байна. Энэ эерэг өөрчлөлтөөс улбаалж бизнес болон спорт хоёр харилцан win-win зарчимтай ажиллаж байна. Цаашлаад зөвхөн спортын багт хөрөнгө оруулах гэхээсээ илүүтэйгээр спортын барилга байгууламж, бүтээн байгуулалтад бизнес эрхлэгчид анхаарах төлөвтэй. Хувийн хэвшлийн бүтээн байгуулалт ямар хурдан ашиглалтад ордог вэ гэдгийг бид UG Аренагийн жишээнээс харж болно. Харин улсын ажил удааширч, гацаж, төсөв мөнгө нь асуудал дагуулж, 10 жил болдгийг Дарханы “Юнайтед Арена”-ийн бодит жишээ харууллаа.

Энэ эрчээрээ дахиад хэдхэн жил болоход л Монголын спорт мөнгө олдог ашигтай салбар болж хувирна. Баг бүр өөрсдийн гэсэн ордонтой, фэн хүрээлэлтэй болсноор шууд дамжуулалтын орлого, тасалбар, өмсгөл борлуулалт, зар сурталчилгаа, хамтын ажиллагаа гээд жижиглэн зах зээл томорч, борлуулалт ч хөвөрч өгөх нь.

Ийнхүү татварын хууль эрх зүйн орчин сайжирсан учраас спортын зах зээлд өрсөлдөөн бий болж эхэлсний сайн жишээг О.Мөнхжин, Л.Наранбаатар нар харуулж байна.

 

Спортын сэтгүүлч Б.Мөнгөнтамир

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.