Уншиж байна ...
Зураг
Зураг

Дэлхийд чухал өдөр: 11 сарын 5

ikon.mn
2024 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Зургийг "cnbc.com" сайтаас авав.

Америк Нэгдсэн Улсын (АНУ) ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилд нэг удаа, жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний Мягмар гарагт зохион байгуулагддаг бөгөөс тус үйл ажиллагаа энэ жил арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тохиож байна.

Энэхүү ээлжит сонгууль нь зөвхөн АНУ-д олны анхаарлыг татаад зогсохгүй дэлхий дахины анхаарлын төвд байрлаад байна. Дэлхийн эдийн засагт асар их нөлөө бүхий тус улсын ерөнхийлөгчийн сонгуулиар хэн сонгогдох нь дэлхийн геополитикийн харилцаа цаашлаад улс орнуудын эдийн засаг, энх тайван байдалд ч ихээр нөлөөлж болохуйц юм. Иймд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн систем болон хоёр нэр дэвшигч болох Камала Харрис, Доналд Трампын байр суурийг илэрхийлэх гол бодлогуудтай танилцъя.

Хоёр намын систем:

Юуны түрүүнд бид АНУ-ын сонгуулийн тогтолцооны талаар ерөнхий ойлголтыг авах зүйтэй. АНУ-ын улс төрийн тогтолцоо нь хоёр намын системийг ашигладаг бөгөөд "Бүгд найрамдах" "Ардчилсан" гэх хоёр намууд 1860 оноос хойш өдийг хүртэл АНУ-ын төрийн эрхийг барьсаар иржээ.

Тус намуудын үзэл баримтлалын хувьд “Бүгд найрамдах нам” хувь хүний эрх чөлөө, үндсэрхэг байдал, чөлөөт зах зээл болон татварыг багасгах бодлогыг эрхэмлэдэг. Харин “Ардчилсан нам” нийтийн эрх ашиг, жендэр, байгаль орчны болон нийгмийн асуудлууд дээр түлхүү анхаардаг байна.

Электорал коллеги ба түүний оноо гэж юу вэ?

Дараах нэршлийг та урьд нь сонсож байгаагүй байх. Учир нь дараах нэр томьёолол АНУ-ын өөрийн түүх соёлоос улбаалан гарч ирсэн бөгөөд тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоог хэлдэг байна.

538 электорал коллегийн оноо: АНУ нь нийт 50 мужаас бүрдэх ба тухайн мужид хэн олонхын саналыг авна тэр нэр дэвшигч тухайн мужид оноогдсон оноог нийтэд нь авдаг. Үндсэндээ 538 онооноос хэн нь илүү их оноо авах вэ? гэх өрсөлдөөн юм. Иймээс нийт иргэдийн саналын тоогоор нэг нэр дэвшигч илүү байсан хэдий ч, нөгөө нэр дэвшигч электорал коллегийн оноогоор өрсөлдөгчөөсөө давж чадвал сонгуульд ялна гэсэн үг юм. Нэг ёсондоо аль олон санал авсан нь биш аль олон мужид ялалт байгуулсан нь сонгуульд ялдаг байх нь.

Жишээ нь 2016 оны Хиллари Клинтон болон Доналд Трамп хоёрын хооронд өрнөсөн ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон олонхын саналаар илүү байсан хэдий ч Доналд Трамп нь электорал коллегийн тоогоор ялж ерөнхийлөгч болсон юм. 

Савлах мужууд буюу Америкийн ирээдүйг шийдэх мужууд:

Монгол улсад бид аймгийн харьяаллаас үл хамаарч иргэн бүрийн саналыг эн тэнцүү тооцдог бол АНУ-д мужаас шалтгаалан иргэний саналын үнэ цэн харилцан адилгүй байдаг байна. 

АНУ-ын зарим мужууд бусдаасаа их коллеги оноог эзэмшихээс гадна аль намд саналаа өгөх нь тодорхойгүй байдгаас үүдэн тэднийг “Савлах мужууд” гэж нэрлэгддэг байна. Иймд савлах мужийн санал бусад мужийн саналаас илүү нөлөө бүхий гэж тооцогдоно. Түүнчлэн савлах мужууд саналаа аль намд өгөх нь тодорхойгүй байдгаас нэр дэвшигчдийн хамгийн их анхаарал хандуулдаг хэсэг болсон байна. Савлах мужууд нь сонгууль бүрд өөр байдгаараа онцлогтой ба жишээ татвал 1992 онд 22, 2020 онд тав байсан байна. Харин энэ удаагийн сонгуульд нийт долоон савлах муж байгаа бөгөөд үүнд Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Хойд Каролина, Пеннсилвани, Висконсин, Небраска нар багтсан байна.

Цагаачид руу чиглэсэн бодлогууд:

АНУ-д олон яригддаг томоохон сэдвүүдийн нэг бол яахын аргагүй цагаачлал билээ. Ер нь цагаачлалаас бий болсон улс гэгдэх яриа байдгаас гадна цагаачлал жил бүр нэмэгдэхийн хэрээр улстөрчид үүнд чиглэсэн бодлогуудыг ихэсгэж илүү хатуу шинжтэй болсныг нэр дэвшигч Камала Харрис болон Доналд Трамп хоёрын тус бүр танилцуулсан бодлогуудаас анзаарч болно.

Доналд Трампын барьж буй томоохон бодлогуудын нэг бол гарцаагүй хууль бус цагаачлалын эсрэг арга хэмжээ юм. Тэрбээр ерөнхийлөгч Байдены нээлттэй гаалийн бодлогоос үүдсэн гэгдэх сая сая хууль бус цагаачдын асуудлыг шийдвэрлэхээс гадна АНУ-ын түүхэн дэх хамгийн том албадан гаргах журмыг (1.5 орчим сая хүнийг албадан гаргах) хэрэгжүүлэх талаараа уулзалт, илтгэл бүр дээрээ дурдсаар л байна.

Камала Харрисийн хувьд албадан гаргах журмаас илүүтэйгээр гаалийн хамгаалалтыг эрчимжүүлэхийн хэрээр иргэншилгүй иргэдэд ээлтэй бодлогууд болох  “Protection for dreamers” (хүүхэд байхдаа Америк руу цагаачлан орж ирсэн хүмүүсийг дэмжих, албадан гаргалтаас сэргийлэх программ) болон албадан гаргалтаас шалтгаалан хагацсан гэр бүлийг нэгтгэх ажлуудыг төлөвлөсөн байна.

Эдийн засгийн бодлогууд: 

Бүгд Найрамдах намын талаас бага татварт чөлөөт эдийн засгийг дэмжих нь улсын эдийн засагт илүү үр дүн үзүүлнэ гэж үздэг бол Ардчилсан намаас том корпорацуудын хөрөнгийн нөлөө нийгэмд хэт их байна гэж үзэхээс гадна энэхүү мөнгийг нийгэмд чухал хэрэгцээтэй хүмүүст зориулсан төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй гэж үздэг.

Түүнчлэн Трамп болон Харрис хоёрын эдийн засгийн тухай бодлогын хамгийн том ялгарал нь татвар. Харрис корпорацын татварыг 21%-иас 28% болгож өсгөнө гэсэн бол Трамп эсрэгээрээ дараах хувийг 15%-иас 20% болгож багасгах хүсэлтэй байгаа юм. Трамп мөн гарын мөнгөний орлого ба нийгмийн халамжийн мөнгөн дээрээс татвар авахыг зогсоохоо илэрхийлсэн. Харрисийн хувьд хувь хүний албан татварыг жилд 400 мянган ам.доллароос дээш орлоготой хүмүүст нэмэхээр зорьж байгаа бол Трамп өөрийн өмнөх засаглалын үеэрээ тогтоосон татварын хувийг хэвээр байлгахаар хэлсэн.

Трампын засаглалын үед 6.4 сая ажлын байр шинээр нэмэгдэж ажилгүйдлийн түвшин өнгөрсөн 50 жилийн хугацаанд дахь хамгийн доод цэг болох 3.5%-д хүрсэн гэдэг ч татварын хувийг багасгаснаар улсын өрийн хэмжээг 14-өөс 21.6 их наяд болж өсгөсөн байна. Байден Харрисийн засаглалын үед тусламжийн 2 их наяд долларыг ажилгүйчүүдийн даатгал, хүүхдийн татвар, кредит гэх мэт төслүүдэд зарцуулсан. Үүнтэй зэрэгцэн инфляцын түвшин өнгөрсөн 50 жилд байгаагүй хамгийн дээд түвшин болох 9%-д хүрсэн ч буцаж доошилсоор 2.4%-д ирээд байна.

Судалгаагаар АНУ-ын зургаан хүн тутмын нэг нь их сургуулийн өртэй байдаг. Харин Байден Харрисийн засгийн газар боловсролын зээлээс чөлөөлөх бодлогын хүрээнд нийт 4.8 сая хүний өрийн хэсгээс төлөлцсөн байна. Харрис энэхүү бодлогоо үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол Трамп энэ бодлогыг олны анхаарлыг татах гэсэн ядмагхан үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн ба сонгогдсон даруйдаа уг бодлогыг зогсоохоо мэдэгдсэн гэнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар бодлогын эрс тэс ялгаа:

Бид Доналд Трампыг уур амьсгалын өөрчлөлтөд таатай байр суурь барьдаггүй нэр дэвшигч гэдгийг дурдах нь зүйтэй. Тэрбээр 2017 онд ерөнхийлөгч болсон даруйдаа 2016 онд баталсан 196-н улсын дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх Парисын гэрээнээс АНУ-ын нэрийг татсан байдаг. Цаашлаад тусгай хамгаалалттай бүсүүдэд эрчимжүүлсэн газрын тос олборлох, байгаль орчны хамгааллын бодлогыг багасгах төслүүдэд хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна.

Дараах төслүүд нь дэлхийн дулааралд нөлөө болохуйц өргөн хүрээнийх учир байгаль орчны төлөөх тэмцэгчдийн сэтгэлийг зовниулж байгаа нь гарцаагүй биз ээ. Харин Камала Харрис ардчилсан нам болон Байдены хэрэгжүүлж буй төсөл бодлогуудыг (сэргээгдэх эрчим хүч, нийтийн тээвэр, ногоон ажлын байрын ихэсгэлт) цаашдаа үргэлжлүүлэх байр суурьтай байна.

Үр хөндөлтийн талаар:

Камала Харрис үр хөндөлтийн асуудлаар эмнэлэгт зочлон очсон анхны Америкийн дэд ерөнхийлөгч бөгөөд үр хөндөлтийг улс даяар зөвшөөрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа урт хугацааны туршид илэрхийлсээр байгаа. Үр хөндөлтийг АНУ-ын иргэдэд хүртээмжтэй болгох тухай олон хууль санаачилж, мөн жирэмсэн ажилчдын тэгш эрхийн төлөөх аян (Pregnant Workers Fairness Act”, “Fight for Reproductive Freedoms”) зэрэг аянуудыг дэмжсэн  нэр дэвшигч юм.

Харин нөгөө талд нэр дэвшигч Доналд Трампын хувьд “Pro-life” буюу үр хөндөлтийг эсэргүүцсэн үзэл бодлоо удаа дараалан дурдсан ба ерөнхийлөгч байх үедээ үр хөндөлтийг хуулиараа хорьсон билээ. Үр хөндөлтийн үйлчилгээ явуулдаг эмнэлгүүд болон үүнд хамаарах эрх бүхий байгууллагуудад очих төсвийг бүрмөсөн татах гэрээг 2017 онд хийсэн байдаг. Үүний тод жишээ нь бэлгийн боловсрол, эрүүл мэндийн мэдлэг түгээгч АББ болох Planned Parenthood юм. Үүнээс дүгнэхэд Трампын үр хөндөлт рүү чиглэсэн бодлогууд ерөнхийлөгч байсан үе дэх байр сууриа хадгалах шинжтэй харагдана. Гэсэн ч тэр үр хөндөлтийг муж тус бүр өөрсдөө шийдвэрлэх асуудал гэж өөрийн байр сууриас багахан хазайж эхэлсэн нь дэмжигчдээ ихэсгэх арга байж болох юм.

Бидэнд хамаарах АНУ-ын гадаад бодлого: 

Хятад-АНУ болон Хятад гэх томоохон хоёр гүрний хоорондох эдийн засгийн, технологийн ширүүхэн өрсөлдөөнийг бид алсаас ажиж суусаар багагүй хугацаа өнгөрчээ. Нэр дэвшигч Камала Харрис ба Доналд Трамп нар ч энэхүү өрсөлдөөнийг эрчтэй үргэлжлүүлэхийг эрмэлзэж байгаа нь лавтай.

Хоёр нэр дэвшигчид хоёуланд нь анзаарагдах шинж тэмдэг бол Хятад улсад тавигдсан хориг, заалт, бодлогуудыг илүү чангалж АНУ-д ашиг бүхий татварыг шаардаж буй явдал юм.

Жишээлбэл, Доналд Трамп Хятадаас орж ирэх барааны импортод 60 хувийн гаалийн татварыг тавих бодлогыг дэвшүүлээд байгаа бөгөөд үүнээс үүдэж үнийн өсөлт ихсэж эдийн засагт сөргөөр нөлөөлж болохуйц байгаа нь Трампын бодлогыг иргэд шүүмжлэх нэг шалтгаан болжээ.

Харин нэр дэвшигч Камала Харрисийн Хятадтай холбоотой бодлогууд нь ерөнхийлөгч Байдентай адил худалдааны бодлогыг сайжруулан шинэчлэх, гаалийн татварыг нэмэгдүүлэх зэрэг болно.

Израил, Палестин-Газын зурваст болоод буй аймшигт явдалд АНУ зэвсэгт хүчээр хангагч, ивээн тэтгэгчээр шууд оролцдог билээ. Жишээлбэл, Ерөнхийлөгч Байден саяхан л гэхэд Израил улсад 17 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. 

Есдүгээр сарын 11-нд болж өнгөрсөн мэтгэлцээнээр хоёр нэр дэвшигч тус асуудлын тухай хэлэлцэж өөрийн үзэл бодлоо хуваалцсан. Тус мэтгэлцээнээр Камала Харрис Израилийн улсаа халдлагаас хамгаалах эрхийг ямагт дэмжихээ илэрхийлэхийн хажуугаар Израил улс хэрхэн хамгаалж байгаа нь л чухал гэх эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэн утгатай үгсийг хэлсэн.

Харин Трампын хувьд Израилын бие даасан байдлыг 100 хувь дэмждэгээ илэрхийлдэг бөгөөд Газад болж байгаа гамшигт үйл явдлын талаар хэлэхдээ “Израилийн засгийн газар олон улсын харилцаагаа маш муу зохицуулж байна. Тэд энэ дайнаа хурдан дуусгах хэрэгтэй” гэжээ. Трампын хувьд Израилийг дэмжсэнээ илэрхийлснээр Еврейчүүдийн дэмжлэгийг өөртөө авах эрмэлзэлтэй байгаа гэж хэлж болохуйц байна.

Орос Украин-Орос Украины дайн нь АНУ-ын хувьд ихээхэн анхаарлыг хандуулж, асар их хэмжээний (174.2 тэрбум ам.доллар) хандив, төсвийг зарцуулаад буй дайн юм.

Хоёр нэр дэвшигчид дайныг эцэслэх эрмэлзэлтэй байгаа хэдий ч тэд бодлого, дэмжлэгээрээ ялгаатай. Трампын хувьд өөрийгөө ерөнхийлөгч Байденаас илүү шаламгай, үр дүнтэй ажиллаж, энхийн гэрээг сонгуульдаа ялсны даруйдаа байгуулж чадна хэмээсэн. Тэгсэн атлаа үүнийг хэрхэн гүйцэтгэх талаараа дэлгэрэнгүй төлөвлөгөө, бодлогуудаа хараахан танилцуулаагүй байна.

Нийтлэлч: Б.Баяржавхлан