Уншиж байна ...

1197 оны түүхэн домогт бичигдсэн хүний араг ясыг Норвегийн судлаачид илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Одоогийн Норвеги улсын Тронхэйм хотын гадна орших Сверресборг цайзыг бүслэгчид 1197 онд нэг хүний цогцсыг худагт шидсэн тухай эртний түүхийн сурвалж бичигт өгүүлсэн байдаг.

Тэгвэл энэхүү шидэгдсэн хүний араг ясыг 800 гаруй жилийн дараа судлаачид илрүүлжээ.

“Бид худгийн ёроолоос олдсон араг ясыг домогт өгүүлсэн хүнийх мөн гэдгийг хэзээ ч 100 баттай хэлж чадахгүй байх. Гэхдээ бодит байдал болон шинжлэх ухааны үндэстэй нотлох баримтууд нь маш үнэмшилтэй юм. Хэрвээ шүүх хурал зохион байгуулаад шүүгчдэд нотлох баримтыг домогт өгүүлсэн дүрслэлтэй хамт танилцуулбал хохирогчийг олдсонд тооцох нь гарцаагүй гэж би бодож байна” гэж Норвегийн Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн судлаач Маикл Мартин ярьжээ.

Түүний багийн судалгааны тайлан өнгөрсөн долоо хоногт iScience сэтгүүлд нийтлэгдсэн юм.

12 дугаар зууны сүүлээр хүчирхэгжсэн Норвегийн хаан Свер Сигурдссоны цаг үетэй дээрх домог холбоотой.

Түүний хаанчлалын жилүүдэд Норвегид улс төрийн тогтворгүй байдал ноёрхож, 1202 онд нас барсных нь дараа иргэний дайн олон арван жил үргэлжилсэн юм.

Хаан өөрийн дайн тулаануудын түүхийг Исландын санваартнаар бичүүлсэн нь “Сверийн Домог” хэмээх 182 бадаг шүлэг болж үлджээ.

Уг шүлгийн нэг хэсэгт 1197 онд хааныг Берген хотод байх үед Сверресборг цайзыг Ромын католик шүтлэгтнүүд бүсэлж, эзэлсэн тухай тодорхой дүрсэлсэн байдаг.

Бүслэгчид нууц хаалгаар цайзад нэвтрээд дээрэм тонуул хийж, орон байр бүрийг галдан шатаажээ. “Тэд нэг үхсэн хүнийг толгойгоор нь худаг руу шидээд чулуугаар дүүргэв” гэж домогт өгүүлдэг юм.

Түүхчид энэ хэсэгт дүрслэгдсэн үйл явдал нь хааныг басамжлан доромжлох, эсвэл худгийг хордуулах зорилготой байсан гэж үздэг.

1938 онд археологичид худгийг олж, долоо метр хүртэл малтахдаа олон чулуун давхарга, хүний араг яснуудыг олж байжээ.

Гэвч дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, тухайн нутаг Германы армид эзлэгдсэнээр малтлага зогссон байна.

2014-2016 онд археологич Анна Питерсоны баг малтлагыг үргэлжлүүлж, ёроолоос нь 30-40 настай хүний араг яс олжээ.

Тухайн үед Питерсон үүнийг домогт гардаг хүнийх байх өндөр магадлалтайг хэвлэлд ярьж байв.

Араг ясны эзэн 175 см өндөр, зөвхөн арьсан гутал өмссөн байжээ.

Зарим мөч нь дутуу түүний гавлын яс биеэсээ салсан байв. Гавлын ясанд нь мохоо зүйлээр цохисон гэмтэл, хурц ирмэгтэй зүйлийн мөр байсныг эрдэмтэд үхэхээсээ өмнө авсан гэж дүгнэжээ.

Араг ясны насыг орчин үеийн технологиор тодорхойлоход домгийн цаг хугацаатай таарсан байна.

Шүднээс нь генетикийн материал авч шинжлээд цайвар хүрэн үс, хөх нүдтэй хүн байсныг тогтоожээ.

Мөн орчин үеийн норвеги хүмүүсийн генийн мэдээлэлтэй харьцуулж судлаад Норвегийн өмнөд нутгаас гаралтайг нь тогтоосон байна.

Свер хааны албатууд төв Норвегиос гаралтай, цайзыг бүслэгчид өмнөд Норвегиос гаралтай байсан юм. Тиймээс бүслэгчид өөрсдийн нэгний цогцсыг худагт шидсэн нь судлаачдыг гайхшируулсан баримт болжээ.

Энэ нээлтээ Норвегийн эрдэмтэд түүх домогт гардаг тодорхой нэг хувь хүнийг генетикийн судалгааны аргаар илрүүлсэн анхны тохиолдол гэж үзэж байна.

“Бид домог туулиуд бүхэлдээ зохиомол зүйл биш гэдгийг харууллаа. Магадгүй түүхчдээс бусад ихэнх хүмүүс ингэж боддог байх. Хүмүүс домог туульсын агуулгад илүү их ач холбогдол өгдөг болоход бидний судалгааны ажил тусална гэж бодож байна. Худагт шидэгдсэн хүн ганцхан өгүүлбэрт дурдагдсан жижиг дүр байсан хэдий ч бид үүнийг бодитой хүн, бодитой үйл явдал байсныг харууллаа” гэж Мартин ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian