Уншиж байна ...
Зураг
Зураг

Зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд туслах “REACH” хүмүүнлэгийн тусламжийн төсөл Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжлээ

ikon.mn
2024 оны 10 сарын 28
ikon.mn
Зураг зураг
© Пипл ин Нийд Монгол

“Манайх гурван хүүхэдтэй. Нэг нь тархины саажилттай, нэг нь бага сургуулийн 2-р анги, отгон хүүхэд маань цэцэрлэгт явдаг. Тийм болохоор бид сумын төвд эмнэлэг бараадаж амьдрахаас өөр аргагүй. Нөхөр хөдөө малаа маллаж, харин би хүүхдүүдээ харахын хажуугаар хашаандаа үхэр тэжээдэг. Өнгөрсөн зун хүүхэд хамгааллын баг манайд ирж үнэлгээ хийж, зөвлөгөө өгснөөс хойш бага насны хүүхдүүдээ гэртээ том хүнгүйгээр үлдээхээ больсон, ядаж хамаатны хүмүүстээ захидаг болсон. Мөн манай суманд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ямар ч үйлчилгээ, аваад очих газар байдаггүй болохоор их хэцүү байдаг.”


Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-аас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамтай хамтарсан санхүүжилтээр өнгөрсөн өвлийн зудад нэрвэгдсэн, алслагдсан аймгийн малчин өрхүүд, тэдгээрийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын зарим хэрэгцээг хангах зорилго бүхий “REACH” хүмүүнлэгийн тусламжийн төсөл Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжлээ. Төслийг хэрэгжилтийг орон нутагт тус аймгуудын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хариуцаж, төсөлд сонгогдсон 18 сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд үүнд оролцсон болно.

зураг
 
© Пипл ин Нийд Монгол

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албанаас 2023 онд гаргасан судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол нь хүүхдийн эсрэг зүй бус үйлдэл, хүчирхийлэл, улмаар бие, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх явдал ихсэж байна гэсэн үр дүн гарчээ.

Ерөнхийдөө, цаг хүндэрсэн үед малчин эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарал багасдаг, үүнээс үүдэн хүүхэд үл хайхрагдах үзэгдэл нэмэгддэг. “REACH” төсөл яг энэ асуудалд анхааран, зудад нэрвэгдсэн малчдын хүүхдүүдийн хамгаалуулах эрхийг хангах үүднээс алслагдсан 270 малчин өрхөөр айлчлан, хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээг 800 гаруй хүүхэд, эцэг, эхийг хамруулан хийж, уг үнэлгээгээр илэрсэн эрсдэлийг бууруулах зөвлөгөө, мэдээллийг холбогдох хүмүүст газар дээр нь өгч ажиллав.

Төсөлд хамрагдсан 18 сумын сургуулийн дотуур байраар ч гэсэн орж, хүүхдийн аюулгүй амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг дотуур байрны багш, сургуулийн захирал, нийгмийн ажилтанд өгсөн. Төслийн хүрээнд нийтдээ 3400 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, кальцын амин дэмээс бүрдсэн багцыг түгээн, малчдын хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдний ирээдүйд хөрөнгө оруулах зорилгоор 260 шилмэл номын багцыг сум тус бүрийн дотуур байранд олголоо. Мөн үнэлгээнд хамрагдсан 270 малчин өрхөд хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангахад нь дэмжлэг болгож, нэг удаагийн бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн болно.

зураг
 
© Пипл ин Нийд Монгол

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Монгол орны дундаж температур сүүлийн 80 жилд 2.1 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж дулаарлаас даруй хоёр дахин их байна. Энэхүү хурдацтай дулаарлын илрэл нь зудын хүндрэл, давтамж ихэссэнээр илэрч байгааг бид өөрсдийн амьдрал дээр мэдэрсээр байгаа билээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл, өнгөрсөн өвлийн зудаар улсын хэмжээнд 8,1 сая толгой мал хорогдсон байна.  Үүнээс гадна зуд нь хүүхэд хамгааллын эрсдэлт байдлыг огцом нэмэгдүүлж байгаа нь энэхүү цаг үеэ олсон төслийн арга хэмжээнээс харагдсан юм. Бусад олон улсын байгууллагууд ч энэ талаар анхааран ажиллаж байгаа бөгөөд бодлогын хүрээнд уг асуудлыг онцгойлон авч үзэж “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал MNS 6948:2021” үндэсний стандартыг батлан гамшгийн үед хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй бүх шатанд хэрэгжилтийг хангах боломжийг бүрдүүлсэн. Мөн энэ оны эхээр батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ч энэ асуудлыг багтаасан байна.

зураг
 
© Пипл ин Нийд Монгол

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд 700 орчим хүүхэд  байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, ахуйн осолд өртөж амь насаа алдсан ба энэ нь эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт дутмаг, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдал, хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх аюулгүй газар байхгүй зэргээс үүдэлтэй хэмээн ОБЕГ-аас мэдээлсэн юм. “REACH” төслийн хүрээнд ч мал эргүүлэх, эсвэл саахалт айл руугаа явахдаа хүүхдээ хараа хяналтгүй орхих, мотоцикл унах, хүүхдийг хүүхдээр нь харуулж асруулах нь малчдын хүүхдэд тулгарч буй гол эрсдэл байсан нь харагдсан юм.

“REACH” төслийг хамтран хэрэгжүүлсэн Баян-Өлгий, Ховд аймгийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар, хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээг малчин өрхүүдэд очиж хийсэн нь тус аймгуудад анх удаагийнх хийгээд тун ач холбогдолтой ажил болсон гэв. Хэдийгээр хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүрээнд илрүүлэлт багтах боловч яг энэ ажилд зориулан төсөв хуваарилдаггүй, дээрээс нь хамтарсан багийн гишүүд энэ ажлын хэрэгцээ, ач холбогдлыг төдийлөн анзаардаггүй, зөвхөн илэрсэн кейсийн мөрөөр хариу арга хэмжээ авах байдлаар ажилладаг тул урьд нь ийм ажлыг хийж байгаагүй ажээ.

Хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээг сумын хамтарсан багийн гишүүд, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүд хамтран хийснээрээ үр дүнтэй болсон, цаашид ч ийм хэлбэрээр хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг тодорхой харсан нь энэ ажлын бас нэг чухал үр дүн байв. Улмаар энэ үйл ажиллагааг өргөтгөн, заавал эрсдэлтэй гэлтгүй бүх малчин өрхөөр явж, хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийх, хүүхэд хамгааллын мэдээлэл, зөвлөгөөг малчдад хүргэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийг танилцуулах, сурталчлах шаардлага байгаа нь бодитоор харагдлаа.

зураг
 
© Пипл ин Нийд Монгол