УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.16/ хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Үндэсний хиймэл дагуулын төсөл”-ийн талаар танилцуулав.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэж интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломжийг нээж өгнө. Түүнчлэн дан ганц шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг ослын эрсдэлийг бууруулах, хот хөдөөгийн иргэдийн тоон ялгааг арилгах, хөдөө, орон нутгийн иргэд, малчдын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зайн сургалтад хамрагдах боломжийг олгоно.
Манай хиймэл дагуул харилцаа холбооны өндрийн төрлийнх. 36 мянган км-ийн цаана ITU буюу Олон улсын цахилгааны холбооны байгууллага манайд өгсөн байршилд байна. “Чингис” гэдэг байршил бол аль нэг улсын биш бидэнд олгосон байршил. Бид энэ байршлыг олон жил хадгалсан. Нийт малчин өрхийг интернэтэд холбоё гэвэл бидэнд 29 их наяд төгрөг хэрэгтэй. Гэхдээ энэ бол зөвхөн малчин өрхүүд. Багаас багийн хооронд явахад сүлжээ тасарсан хэвээр л байна.
Японы Padeko компани 2013 онд хийсэн Үндэсний сансрын холбооны болон тандан судалгааны ТЭЗҮ-г шинэчлээд, санхүүжилт, үр ашгийг нь нэмсэн.
Маш энгийнээр тайлбарлахад, францууд бидэнд хиймэл дагуул бүтээж өгнө. Бид 2027 он гэхэд хөөргөе, оочерт оръё гэхэд “манайхаас олон хиймэл дагуул бүтээж байгаа. Оочер ярих боломжгүй байна” гэсэн.
Дараа нь америкт SpaceX-тэй уулзаад “Бидний бүтээсэн хиймэл дагуулыг пуужиндаа хийгээд хөөргөх ажлыг зохион байгуулж өгөөч” гэхэд боломжтой гэдгээ илэрхийлсэн. Японд санал тавихад мөн адил боломжтой гэсэн. Аль улсаар хиймэл дагуулаа хөөргөхөө бүрэн шийдээгүй байна. Гэхдээ АНУ, Япон хоёрын аль нэгээр хөөргөнө. Үнэ хөлсийн хувьд АНУ-гийнх арай хямд гэж үзэж байгаа.
Зардал нь хэдийгээр өндөр харагдаж байгаа ч шилэн кабелаар улс орноо бүтэн хангахад 29 их наяд төгрөг. Харин өөрийн хиймэл дагуултай болбол ийм зардал гарна.
Санхүүжилтийн хувьд 15 хувь нь төсвөөс, 85 хувь нь хөнгөлөлттэй зээл. Үүний 82 сая нь 15 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл гэдэг боломжийг Франц улс бидэнд олгосон. Энэ бол хоёр орны төрийн айлчлалын үеэр яригдсан асуудал.
Геополитикийн хувьд францыг сонгох нь зөв гэдэг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Сансрын зөвлөл дээр ярилцан шийдсэн.
Хиймэл дагуул бүтлээ гэхэд хувийн хэвшлийнхний бизнест сөргөөр нөлөөлөхгүй. Яагаад гэвэл суурин газар интернэт хэвээрээ байна. Энэ үнээс хямд байна гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн алслагдсан сум, суурин, малчид болон үндэсний аюулгүй байдлын чиглэлээр онцгой байдал, хил хамгаалахын салбаруудад хиймэл дагуул ашиглагдана.
Цаад талын хугацаа 2027 оны хоёрдугаар улиралд хиймэл дагуулаа хөөргөнө гэж төлөвлөж байгаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ч.Анар гишүүн асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ч.Анар: Би өөрөө энэ салбарт 24 жил ажиллаж, гурван улсад хиймэл дагуул угсарч байсан туршлагатай.
Н.Учрал сайдын хэлж байгаачлан малчин өрхөд интернэт хүргэнэ, гамшиг ослын үед ашиглана, цаг агаарын тандалт хийнэ гэдэг олон төрөлт хиймэл дагуул дэлхийн хаана ч байхгүй. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй бол дараа нь хэрэгжихгүй, асуудал үүсэх вий. Үндэсний аюулгүй байдалтай хамаарах хиймэл дагуул байгаа юу. Хэрэв тийм бол мэдээлэл өгнө үү. 260 мянган малчинд интернэтийн үйлчилгээ хүргэхэд өндрийн хиймэл дагуул маш тохиромжгүй. 1.2-1.4 м-ийн тавган антенаар интернэтэд орно. Энэ хэрэглэгчийн хувьд өндөр өртөгтэй. Дээрээс нь DDish-ийг бодвол мэргэжлийн инженер тохируулдаг учир малчин өрхөд тохиромжгүй.
Энэ технологийг боломжтой болгохын тулд технологийн компаниуд бүгд нам руу, жижиг, өндөр хүчин чадалтай хиймэл дагуулаар орж байгаа.
Мөн энэ францын компани нь уламжлалт хиймэл дагуул хийдэг компани. Орчин үеийн хиймэл дагуулууд бүгд жижиг хэмжээтэй болоод нам орбит дээр ирсэн.
Үндэсний аюулгүй байдал талаас нь ойлгож байна. Гэхдээ ийм төсвөөр хийх шаардлагагүй. Дэлхий даяар үүрэн холбооны компаниуд өндрийн хиймэл дагуулыг ашиглахаа больсон.
Мобиком компани гэхэд хамгийн сүүлийн өндрийн хиймэл дагуулаа 2025 онд буулгах гэж байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Би санаанд орсноо яриад байгаа юм биш л дээ. Тэгээд ч францын компани анх удаа туршилт хийх гээд байгаа компани биш. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр явж байна. Би гэнэт сэрчхээд ийм юм яриад байгаа юм биш.
Ч.Анар гишүүн бид хоёр хиймэл дагуул мэддэг, мэддэггүйгээ яривал өөр юм болно л доо. Та хиймэл дагуулыг шүүмжлээд байх хүн мөн үү. Хамгийн их дэмжих ёстой хүн байтал гэж гайхаж байна.
Үндэсний хиймэл дагуултай болох хэрэгтэй юу үгүй юу. Өөр ямар улс орноор хийлгэх вэ гэдэгт та хариулт өгөх хэрэгтэй.
Энэ асуудлыг ҮАБЗ-д танилцуулахаар бэлтгэж байгаа. Түүнээс биш цэрэг, армитай холбоотой нууцад хамаарах зүйл байхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!