Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх бохир усны стандарт шинэчлэгдэн батлагдлаа.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүн бүхий хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөг тусгагдсаны дагуу Засгийн газрын хүлээх үүргийн хүрээнд 2015 онд батлан мөрдөж байсан Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх бохир ус, Ерөнхий шаардлага MNS 6561 стандартыг тус төслийн дэмжлэгтэйгээр шинэчлэн боловсруулж батлууллаа.
Шинэчилсэн стандартад тухайн үйлдвэр үйлчилгээнээс гарах бохир усны найрлага, шинж чанарт үндэслэн 12 ангилж, хоногт гарах бохир усны агууламж, хэмжээнээс хамаарч цэвэрлэгээний түвшний шаардлага үзүүлэлтийг нарийвчлан тусгасан байна. Түүнчлэн бохир усны температур, аммоний ион, нийт азот, фосфорын үзүүлэлтийг өөрчилжээ.
Стандартыг шинэчлэхэд олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, ижил төрлийн олон улсын стандарт шаардлагуудыг судалж, үйлдвэрийн салбаруудын бохир усны онцлог шинж чанар, хаягдал усны хэмжээнээс хамааран бохирдлын ачааллын тоон загварчлалыг ашиглан тооцоолсон байна.
Тус стандарт нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд мөрддөг гол стандартын нэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллага бохир усаа цэвэрлээгүй тохиолдолд нөхөн төлбөр ногдуулна.
Энэхүү стандартыг шинэчлэн мөрдүүлснээр бохирдлын ачааллыг бууруулж, 2013 оны түвшинд хүргэх зорилготой юм.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!