Уншиж байна ...

"Орон нутгийн сонгуулийн санал хураалтыг Баасан гарагт явуулж, 20:00 цагт хаасан нь нийслэлийн сонгогчдын ирцийг багасгасан"

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Нам (АН)-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаж, үндсэн асуудалдаа орж эхэлж байна. Монголбанкны ерөнхийлөгч Ардчилсан Намын бүлэгт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө танилцууллаа. 

 2025 оны улсын төсвийг 35.7 их наяд болгож нэмэгдүүлсэн, алдагдлыг 1.9 их наяд байхаар оруулж ирсэн нь Монголбанканд бие даасан мөнгөний бодлого явуулах орон зай үлдээхгүй байна гэдэгт манай бүлгийн гишүүд болон Монголбанкны зүгээс санал нийлсэн. 

Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлт өндөр байна гэх зүйлийг ярьж байгаа. Гэвч эдийн засгийн өсөлтийг Засгийн газрын хэрэглээ, хөрөнгө оруулалт тэтгэж байна. Монголын эдийн засаг бүхэлдээ төрөөс хамааралтай болсон үзэгдэл хумигдах шинжгүй байна. 

Ирэх жил Монголбанкны хатуу мөнгөний бодлого хэрэгжиж байгаа нөхцөлд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд зээлийн эх үүсвэр олдох магадлал багасна. 

Хөдөө аж ахуйн салбар 27 хувийн агшилттай гарсан. Үүнийг хэрхэн өсөлт болгох, хөдөө аж ахуйн салбар ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн өсөлтийг хэрхэн яаж тэтгэх талаар ярилцсан. 

Мөн өнгөрсөн жилүүдэд Ипотекийн зээлийн хүртээмж маш их багассан. Монголбанк хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор ипотекийн зээлийн асуудалд оролцох боломжгүй хэмээн ярьсан.

Гэтэл 2024-2028 онд Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд орон сууцжуулалтын асуудал маш чухал байр суурь эзэлж байгаа. Тиймээс ямар бодлого баримтлах талаар илүү дэлгэрэнгүй авч үзэх шаардлагатай. 

Цаашид АН-ын зүгээс эдийн засаг дахь хувийн хэвшилд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах чиглэлээр төсөв, мөнгөний бодлогыг хамтад нь авч үзэх хэрэгтэй гэж үзсэн" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн орон нутгийн сонгуулийн асуудлаар АН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал "Орон нутгийн сонгууль амжилттай болж өнгөрлөө.

АН-ын хувьд 330 сумаас 159-д нь ялалт байгуулсан. 21 аймгийн долоод нь манай нам ялалт байгуулж, нийслэлд ялагдсан. Сонгуулийн асуудал дээр АН дүгнэлт хийх шаардлагатай.

2020 оны сонгуулийг бодвол манай намын нийт үзүүлэлт өссөн. Нийслэл дээр тодорхой дүгнэлтүүд гарч байгаа. Орон нутгийн сонгуулийн санал хураалтын цаг хугацааг багасгасан нь ирцийг бууруулах бодит хүчин зүйл болсон. Санал хураалтыг Баасан гарагт явуулж, 20:00 цагт хаасан нь нийслэлийн сонгогчдын ирцийг багасгасан.

Энэ удаагийн нийслэлийн Монгол Ардын Нам (МАН) нийт сонгогчдын 16 орчим хувийг авч ялалт байгууллаа. Үүнд манай УИХ-ын гишүүд тодорхой хууль дүрэмд анхаарал тавьж ажиллана" гэв.