Уншиж байна ...

Б.Энхболд: Нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоол, явган хүний зам дээр тавьсан машинуудыг ачих ёстой. Энэ нь шинэ зүйл биш

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн сараас Улаанбаатар хотын авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа болон удаан зогссон автомашинуудыг нийтийн тээврийн автобусанд суурилуулсан камерын хяналтаар илрүүлж, Зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулж буй.

Энэ оны есдүгээр сарын 2-ноос өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн автобусны камераар 217 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцжээ.

Харин авто замын нэгдүгээр эгнээг хааж тавьсан машиныг шууд ачих тухайд Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболд "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар авто замын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоол, явган хүний зам дээр тавьсан машинуудыг ачих ёстой. Энэ нь шинэ зүйл биш.

Замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьснаар түгжрэлийг механикаар үүсгэж, бусад тээврийн хэрэгслийн жолооч нарыг зөрж өнгөрөхөд хүндрэлтэй болгодог. Явган хүний зам дээр машинаа тавих нь явган зорчигч болон унадаг дугуйтай иргэдийн зорчих боломжийг хязгаарладаг. Эдгээр зөрчлийг цагдаагийн алба хаагчдын удирдлага дор баримтжуулж, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс/ЗХУТ/ хянаж, хариуцлага тооцдог.

Авто замын нэгдүгээр эгнээнд машин тавих ёсгүй учраас тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах шаардлагагүй. Есдүгээр сарын 2-ноос өнөөдрийг хүртэл нийтийн тээврийн автобусны камераар 217 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсон байна. Ингэхдээ авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон, нэгдүгээр эгнээнд болон автобусны буудал дээр түр болон удаан зогссон тээврийн хэрэгслийг 1,100 гаруй автобусны камераар илрүүлж байгаа юм.

Үүнээс гадна ачилтын компанийн ажилтан хөдөлгөөний түгжрэл саатал үүсгэсэн автомашины зургийг ЗХУТ-д илгээж, алба хаагч хянаснаар зөрчил мөн бишийг тогтоон журамлах үйл явцыг гүйцэтгэх эсэхийг шийддэг.

Ачилтын компани зөрчил гаргасан машиныг ачихдаа зарлах, тээврийн хэрэгслийн жолоочид мэссэжээр мэдэгдэх журамтай" гэж тайлбарлалаа.

Цагдаагийн албаны тухай хууль болон Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд зааснаар таван тохиолдолд тээврийн хэрэгслийг ачиж, журамладаг байна. 

  1. Нэгдүгээр эгнээ, явган хүний зам, автобусны буудал, зүлэг, авто зогсоол дээр бусдын машины хөдөлгөөнийг хааж, тээврийн хэрэгслээ урсгал сөрүүлж байршуулсан
  2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
  3. Зам тээврийн осолд холбогдсон
  4. Эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдохгүй байгаа тээврийн хэрэгслийг
  5. Жолоодох эрхгүй, ангилал тохирохгүй үнэмлэхтэй хүн жолоодож яваа тохиолдолд тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлдэг.

Саяхан Барс захын авто замыг засахдаа нарийхан хөвөө гаргасан байсан. Уг хөвөө буюу цагаан шугамаар тусгаарласан эгнээгээр унадаг дугуй, мопедтой хүн зорчих зориулалттай бөгөөд тээврийн хэрэгсэл зогсоосон бол ачих зохицуулалттай байна.