Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Аллага хүчирхийлэлд нэрвэгдсэн Мексик улсад таван хүний толгойгүй цогцос олджээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Мексикийн эрх баригчид тус улсын баруун бүсийн Халиско мужийн нутаг дэвсгэрээс таван хүний толгойгүй цогцос илрүүлснээ Ням гарагт мэдээлжээ.

Тухайлбал хар гялгар уутанд хийсэн цогцсуудыг Халиско мужийн зүүн хойд Охуэлос хотын авто зам дээрээс олсныг мужийн прокурорын алба мэдээлсэн байна.

Мексикийн Үндэсний Гвардын дайчид хэргийн газарт шалгалт явуулахад уутнаас зөвхөн өмд өмссөн таван эрэгтэйн толгойгүй цогцос гарчээ.

Удалгүй ойролцоо газраас мөн ууттай таван хүний толгой олдсон байна.

Халсико мужид Халискогийн Шинэ Үеийнхэн (Jalisco Nueva Generacion Cartel) нэртэй картел үйл ажиллагаа явуулдаг.

Тус картел нь Мексикийн хамгийн хүчирхэг, хамгийн харгис гэмт хэргийн бүлгүүдийн нэг юм.

2023 оны наймдугаар сарын 11-нд Халиско мужийн Лагос де Морено хотод таван залуу сураггүй алга болж, сүүлд тэднийг тарчилган алж байгааг харуулсан дүрс бичлэг сошиал орчинд тарж байжээ.

Энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэл хугацаанд Халиско мужид 1,145 хүн алагдсан гэх албан ёсны тоо баримт байна.

Мексикийн эрх баригчид 2006 онд хар тамхины картелуудын эсрэг дайн зарласнаас хойш тус улс даяар 450,000 гаруй хүн алагдаад байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Герреро мужийн төв Чилпансинго хотын дарга Алехандро Аркос үүрэгт ажлаа аваад зургаа хоносны дараа толгойгоо тастуулж алагдсан юм.

Аравдугаар сарын 1-ний өдөр тангараг өргөсөн Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаумд аллага, гэмт хэрэгтэй тэмцэх хүнд сорилт тулгараад байна.

Тэрбээр өмнөх ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадорын “зөөлөн аргаар” тэмцэх стратегийг үргэлжлүүлж, картелуудын эсрэг шинэ дайн зарлахгүйгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP