Уншиж байна ...

90 настай Жоржио Армани хоёроос гурван жилийн дотор тэтгэвэртээ гарах тухай ярьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Corriere della Sera сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа Италийн домогт загвар зохион бүтээгч Жоржио Армани удахгүй тэтгэвэрт гарахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.

Одоо 90 настай Армани 1975 онд байгуулсан компаниа өнөөдрийг хүртэл хатуу гараар удирдаж ирсэн бөгөөд хэн нэгэнд залгамжлуулах талаар огт ам нээдэггүй юм.

“Би дахиад хоёроос гурван жил компаниа удирдах бодолтой байна. Үүнээс хэтрээд хэрэггүй байх” гэж тэр ярьжээ.

Армани бас гаднын боломжит хөрөнгө оруулагчдаас түүний компанийг сонирхох сонирхол бага зэрэг эрчимжсэн ч одоогоор ямар нэг боломж олж хараагүй байгааг энэ үеэр ярьсан байна.

LVMH, Kering зэрэг аварга группүүд ноёрхдог хувцас загвар, тансаг эдлэлийн ертөнцөд Арманигийн дараа түүний үүсгэн байгуулсан бизнесийн вант улс бие даасан байдлаа хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа.

Өчигдрийн ярилцлагадаа тэр өөрийнх нь үйл хэргийг залгамжлах бүтэц, засаглал, дэг журам компанид нь нэгэнт бий болсныг хэлсэн ч энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

Армани өөрийн үр хүүхэдгүй хүн бөгөөд хөрөнгийг нь залгамжлах магадлалтай хүмүүсийн тоонд түүний эмэгтэй дүү, компанид нь ажилладаг гурван хамаатан, урт хугацааны бизнесийн хамтрагч Панталео Делл’Орко нар яригддаг. Бас хөрөнгөө аль нэг буяны санд өвлүүлэх хувилбар ч яригддаг юм.

 

Эх сурвалж: Reuters