Уншиж байна ...

Өнгөрсөн оны 11-р сард Хятадын дотоодын зах зээлд коксжих нүүрсний үнэ унаж, Монголоос импортлох нүүрсний давуу тал алдагдав

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 13 цаг 01 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас гаргасан өнгөрсөн оны 11-12 дугаар сарын эрдэс баялгийн салбарын онцлох мэдээллээс нүүрстэй холбоотой хэсгийг хүргэж байна. 

Дэлхийн нүүрсний зах зээл дээр үнэ ялимгүй буурав. Европын зах зээл дээр эрчим хүчний нүүрсний үнэ тонн тутамдаа 95 орчим ам.долларын түвшинд хэлбэлзэв. Харин коксжих нүүрсний хувьд Азийн зах зээл дээр дундаж үнэ 90 орчим ам.доллар байлаа. Харин Хятадын импортолсон коксжих нүүрсний үнэ дунджаар 98 ам.доллар буюу арай өндөр байв. 

2023 онд Хятад нийт 102 сая тонн коксжих нүүрс импортолж байв. Харин 2024 оны хувьд хятадын үйлдвэрүүд, арилжаа эрхлэгчид 122 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Монгол Улсаас нийт 57 сая орчим тонн коксжих нүүрс импортолсон гэжээ. Энэ нь тухайн оны нийт импортын 46 хувь юм.

Харин ОХУ-аас 25 хувь буюу 30 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Австралитай харилцаа муудсан байсан учраас худалдан авалтаа эрс бууруулсан байв. Гэхдээ нийт импортынхоо 8 хувь буюу 10 сая тонныг тус улсаас импортолжээ. Австрали тус улсын импортын 60 хувийг дангаараа хангадаг хамгийн том экспортлогч байсан боловч улс төр, геополитикийн шалтгаанаар энэ байр сууриа алдаж байгаа бололтой.

Энэ 2025 оны хувьд Монгол Улс ба Австрали хоёр зах зээлд эзлэх хувиа тус тус өсгөж чадсан байна. Харин ОХУ-ын хувьд багагүй хэмжээгээр алджээ. Үнийг тооцож үзэх юм бол экспортын нийт үнэлгээгээр Австрали, ОХУ тэргүүлж байна. Учир нь Монгол Улсын нүүрсний үнэ нь хоёр өрсөлдөгчтэй харьцуулахад хэт доогуур байна.

Монгол экспортлогчдын төлөв байдал: 

Тайлант сард хятадын дотоодын зах зээлд коксжих нүүрсний үнэ унаж байгаагийн улмаас Монголоос импортлох нүүрсний давуу тал алдагдаж эхлэв. Өөрөөр хэлбэл Монгол Улсын экспортлогчид үнээ бага зэрэг бууруулахаас өөр аргагүй байдалд орж эхэлсэн байна. Ганцмодны боомтоор татан авсан түүхий коксжих нүүрсний үнэ жишээ нь 2025 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар тонн тутамдаа 1,005 юань байсан нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 85 юаниар буурсан үзүүлэлт юм. Тэгвэл угаасан коксжих нүүрсний үнэ 50 юаниар унаж 1,280 юань болж буурчээ. 

зураг
 

Хэдий үнэ буурч байсан ч Хятадын арилжаа эрхлэгчдийн нөөцлөлт сайн байлаа. БНХАУ-ын хил доторх гаалийн агуулах дахь нөөц ялимгүй өсөж 2.7 сая тоннд хүрчээ. Цагаан хаднаас Ганцмод хүргэх богино эргэлтийн нүүрс тээврийн өртөг нь тонн тутамдаа НӨАТ-гүйгээр 90 юань байв. 

 

Эх сурвалж:  Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци